Хөдөө аж ахуйн их сургууль, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей 2026.07.03-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн хөгжил, байгалийн шинжлэх ухааны өв санг баяжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага эрдэм шинжилгээний хурал, сургалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, хамтарсан судалгаа хэрэгжүүлж, судалгааны үр дүн, өгөгдлийг шинжлэх ухааны эргэлтэд ашиглахад хамтран ажиллана.
Мөн музейн сан хөмрөгийг байгалийн шинжлэх ухааны үнэт дээжээр баяжуулах, багш, судлаач, музейн мэргэжилтнүүдийн хамтарсан судалгааг дэмжих, салбарын мэргэжилтнүүдийг давтан сургах, гадаад хэл болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар тусгажээ.
Түүнчлэн ХААИС-ийн оюутнуудыг музейд дадлагажуулах, сургалт-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, бакалавр, магистрын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, семинар, олимпиадыг хамтран зохион байгуулах, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хоёр байгууллагын цахим мэдээллийн сувгаар олон нийтэд түгээхээр болсон байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын судалгаа, инновацыг хөгжүүлэх, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэж байна.