Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 227 хүнд холбогдох 156 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлснээс шүүх 2 хүнд хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэвэл:
– С.З (44 настай, эмэгтэй) нь 2025.07.21-ний өдөр Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор газардаж, Монгол Улсын хилээр нэвтрэхдээ өөрийн ачаа тээшинд метамфетамины агууламжтай 165.5 грамм цэвэр жинтэй “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ метамфетамины агууламжтай 33 грамм цэвэр жинтэй “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс С.З-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
– С.Б (44 настай, эрэгтэй) нь 2026.01.30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамин (methamphetamin), фентермин (phentermine) зэрэг бодисын агууламжтай, 42.8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2026.02.01-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс С.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
– Э.Т нь (48 настай, эрэгтэй) 2025.12.27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс метамфетамины (methamphetamine) агууламжтай, “мес” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2025.12.27-ны өдөр Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар (оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх) зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
