Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,456 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,620 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 845 хэрэг шинээр нээж, 252 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 59, Өмчлөх эрхийн эсрэг 56, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Авлигын 3, бусад гэмт хэрэг 2 байна.

Авлигын хэргийн талаар:

– Н.Т нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд, 2023.04.15-ны өдрөөс 2025.03.22-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлэгч Д.С-аас 52,5 сая төгрөг, Т.Э-аас 36 сая, нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан.

Д.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 2,366 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 18 удаагийн үйлдлээр нийт 52,5 сая төгрөгийн хахууль өгсөн,

Т.Э нь нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 1,274 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль өгсөн  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Зам-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

– Г.Б нь 2024.06.07-ны өдөр орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дариу гаргуулж, өөртөө давуу байдал олж авах, ашиг сонирхлын үүднээс улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 200 мянган төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.