Нийслэлийн хэмжээнд 2023 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-22 ны өдрүүдэд болохтой холбогдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралд дүүргийн ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Н.Энхболд, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Гантөмөр, хороодын Засаг дарга, цэрэг татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн оролцож, цэрэг татлагын зохион байгуулалт, байрны бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлэл солилцов. Дүүргийн цэрэг татлагын байр 31-р сургуульд байрлаж байгаа.
Хугацаат цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэн санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт цэрэг татлагад очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг болсон. Иймд батлан хамгаалах хууль тогтоомжид заасны дагуу 18-25 насны залуус иргэний үүргээ биелүүлж, цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.