Прокурорын байгууллага энэ сарын 09-13-нд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор багш, оюутнуудад хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд;
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн С.Э нь тус дүүргийн 13 дугаар хороон нутаг дэвсгэрт нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэсэн, байгаль экологи, амьтны аймагт 26 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хянан шалгах улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Нийслэлийн Байгаль орчны газарт;
Өвөрхангай аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн холбогдох урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар тус аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Арвайхээр ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Усан спорт, сургалтын төв зэрэг газруудад тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.