Өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 4-5-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант суманд таван малчин эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн гэдэг газар тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай, эмэгтэй/ хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 13:07 цагт иргэн С/45 настай, эмэгтэй/, Е/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гэрээс нь урд зүгт 15 км-аас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Г/17 настай, эрэгтэй/ нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 15 км-аас цогцсыг нь олсон.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол гэдэг газар тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон.

Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь урд зүгт 500 метр-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа гэдэг газар  тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон.

Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь урд зүгт 200 метр-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Аргалын-Энгэр” гэдэг газар тус сумын харьяат малчин Г нь 11.04-ний өдрийн 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон.

Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г/47 настай, эмэгтэй/ гэрээс нь урд зүгт 2 км-аас цогцсыг олсон.