Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор боллоо.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, монголчуудын өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь ийнхүү үнэллээ.
1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” Төрийн ордонд гардуулна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,
- Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.