Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дуудлага, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж, иргэдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх боломжийг хангах зорилготой “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.11.13/ боллоо.
Уг арга хэмжээнд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд цахим залилан, цахим халдлага, цахим мөрийтэй тоглоом гэсэн 3 төрлийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Энэ төрлийн цахим гэмт хэргээс болж хохирсон иргэдийн хохирол мөнгөн дүн болон тоон дүнгээр ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд залилангийн гэмт хэрэг 14085 бүртгэгдсэнээс цахим орчинд үйлдэгдэж байгаа нь 97 хувийг эзэлж байна.
2018 онд манай улсад нийт 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 1281, 2021 онд 3865, 2022 онд 7708 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2018 онд үйлдэгдсэн цахим залиланг 2022 оны сүүл үетэй харьцуулахад цахим залилангийн гэмт хэрэг 15 дахин нэмэгдсэн. Үүнээс үүдсэн иргэдийн хохирол ч дагаад эрс өслөө.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэргүүн эгнээнд тавигдаж байгаа. Бид “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” байдлаар энэ төрлийн гэмт хэргийг дийлэхээргүй байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч өнөөдөр энэ төвийг нээж байна. Энэ төвийг нээхийн гол агуулга нь цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгт өртсөн иргэдийн дуудлага мэдээллийг авсан даруйд тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цааш нь гэмт этгээд ашиглах боломжийг шуурхай таслан зогсооход гол цөм нь оршиж байгаа” гэсэн юм.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь энэ сарын 03-12-ны өдрийн хооронд 102 тусгай дугаарын утсаар интернет банкны халдлага цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, фэйсбүүк цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдаж хохирсон иргэдийн нийт 81 дуудлага, мэдээлэл хүлээн авч, арилжааны холбогдох банкнуудтай хамтран, нийт 74,5 сая төгрөгийн хохирол учирсныг шилжилт хөдөлгөөнийг нь нэн даруй, шуурхай хязгаарлан гэмт үйлдлийг таслан зогсоож, гэмт этгээдүүд гэмт хэргийн замаар олсон мөнгөн хөрөнгийг завших, иргэдэд хохирол учрахаас сэргийлж ажилласан байна.
Ийнхүү Цагдаагийн байгууллагад Прокурорын байгууллага, арилжааны банк, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч нараар бүрдсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нээгдэж, 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллаж эхэллээ.