Зэвсэгт хүчний … дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо. Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална.
Тэрбээр “Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо.
Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд буюу зэвсэгт хүчний, хилийн, дотоодын цэргийн ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна.
Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа” гэв.