Томуу, томуу төст өвчний тархалт хоёрдугаар түвшин буюу “Идэвхжлийн түвшин”-д байна. Үүсгэгчийн хувьд амьсгалын замын синцитиал вирус, мета-пневмо вирусийн идэвхжил өндөр, өвчлөлийн гол шалтгаан болж байна.
Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нийт 8113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс 1431 буюу 17.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар нэмэгджээ.
Насны хувьд 15 хүртэлх насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин өндөр буюу 83.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-14 хүртэлх насанд 2.7 хувиар нэмэгджээ. Мөн нэг хүртэлх насанд 1.8 хувь, 2-4 хүртэлх насанд 1.5 хувиар тус, тус буурсан байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 575 ор дэлгэжээ. Мөн есөн дүүргийн хэмжээнд хүүхдийн үндсэн ор 815, нэмэлтээр дэлгэсэн 297, нийт 1112 ор байна. Орны ачаалал 95.3 хувьтай байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.