Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.
Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн.
Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.
Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн.
Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах ёстой.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх таван жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөтэй хамт УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцүүлж байна.
Энэ нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхмыг эхлүүлж байна. Эх орондоо энэхүү хүнсний хувьсгалыг гардан хийх эгэл баатрууд бол хүнс үйлдвэрлэгч Та бүхэн билээ.
Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна.
Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа.
Нөгөө талаар манай улсад алдаж үл болох шинэ боломж нээгдэж байхыг үгүйсгэхгүй.
Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.
Бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл юм. Монголчууд бид энэ зах зээл рүү гарах ёстой. Ингэж чадвал бид амжилт олно.
Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү монголчууд бид гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.
Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой.