Н.Номтойбаярын тэргүүлсэн эвслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар дэмжиж, Л.Оюун-Эрдэнийн цээжинд хар хорын гал асааж явна.

Иргэний зориг-Ногоон намын дарга Б.Батбаатар МАН, АН-аас бусад улстөрийн 35 намыг нэгдэхийг уриалан, нэгдэж чадвал ирэх парламентад Засгийн газар байгуулах боломжтой хэмээн хэн хүний сэтгэлийн гүн дэх шуналын эсийг өдөөн жонглёрдож эхлэв.

Ганц хүний гэгдэж явсан Иргэний зориг-Ногоон намыг Б.Батбаатар тэргүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан энэ эр сүүлийн үест Х.Баттулгатай нэлээд сүжрүү, ойр байх болсон. Энэ нь экс ерөнхийлөгч маань экс эхнэртэйгээ, экс ерөнхий сайд маань экс зөвлөхтэйгээ тун ойр буйн илэрхийлэл гэчихэд ташаарсан болохгүй биз. Х.Баттулгын эхнэр асан Ц.Энхтуяа ИЗНН-д оролцоо өндөр явж ирснийг уншигчид хараахан мартаагүй байх.

Сонгуулийн үеэр тамга тэмдгээ гэнэт санадаг улстөрийн жижиг намуудыг нэгтгэх амаргүй ч Ч.Сайханбилэг, Н.Номтойбаяр, Х.Баттулга нар өнгөрсөн 8 жилийн турш намдаа адлагдсан, гээгдсэн, хөрөнгөө “булаалгасан” нөхдийг өөр өөрийн нөхөрлөлийн тойргоор хэдийнэ цуглуулж, тэдний дэмжлэгээр нам намынх нь эсрэг цацах сан хөмрөгийг бүрдүүлчихсэн гэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд АН-аас өрх тусгаарлаж, МоАХ-оо нам болгож амжаагүй ч 90 оны ардчилсан хувьсгалыг хонхны дуутай нь өмчирхөх хандлага ихээхэн үзүүлж яваа Х.Баттулга ИЗНН-ыг худалдаж авахаар болсон гэх бор шувуу улстөрийн хүрээнийхэн дунд “нисээд” өнгөрсөн нь санаандгүй хэрэг биш л байх.

2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход “Монгол Ялна” уриаг магнайдаа наачихсан явсан Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас эхлээд Эх орон нам, Ард түмний нам, Үнэн ба зөв нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Ард түмний олонхийн засаглал намууд Лу.Гантөмөртэй бус Иргэний зориг-Ногоон намын Б.Батбаатартай ойр байгаа нь дээрх жиг жугийг хий хоосон яриа төдий биш гэдгийг батлаад байж мэдэх юм.

Намдаа хаягдаж, намтартаа “ялтан” гэх хар бэх дусаалгасан Н.Номтойбаяр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй МҮАН, Ногоон намыг эвцэлдүүлж, зөвлөхөөрөө М.Энхсайханыг залчихсан байгаа нь сонгуулийг сонирхолтой болгох содон өнгийн нэг аргагүй мөн. М.Энхсайхан тэр хоёрт улстөрийн 30 гаруй намыг бус идэвхитэй 4, 5 намыг нэгтгэхэд л МАН, АН-ыг сульдаанд оруулах хүч болно гэх тооцоо бий биз. Дээр нь Сү.Батболд гэх нөхөр бэрдээ, худдаа дэмгүй, дэмжлэггүй байна гэдэг юу л бол…

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр шинэ парламент 126 гишүүнтэй байна. Энэ бол Н.Номтойбаярын тэргүүлэх “том” эвсэлд том боломж.

Эрх баригч намын үндэсний хөрөнгө оруулагчид, дотоодын бизнес эрхлэгчдээ нухчин дарж, түрэмгийлж, шоронжуулж байсан алдаа нь НАМ бус ХҮН харж дугуйлах ҮР ДАГАВАРыг бүтээсэн нь үнэн.

Тиймээс Н.Номтойбаяр, М.Энхсайхан нар сайн нэр дэвшигчдээр багаа бүрдүүлж, суртал ухуулгын өнгөө зөв олж чадвал жагсаалтын жингээ түвэггүйхэн нэмэх боломжтой харагдаж байгаа. Гэхдээ үүний өмнө Н.Номтойбаяр ялыг нь үүрсэн хэргээ цагаатгаж, итгэж дагасан эвсэл, эрхэмлэж нөхөрлөсөн нөхдөдөө учруулж болзошгүй эрсдлийг цэгцлэх учиртай.

Түүний дараа хүний нөөцөө бүрдүүлэх наад захын босгоо давна.

Нам, эвслүүд Сонгуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшигч дэвшүүлсэн байх шаардлагыг эрх баригчдын зүгээс жижиг намуудад аль хэдийнэ “бэлэг” болгоод бэлдчихсэн байгаа. УИХ-ын 78 тойргийн 39, түүнээс дээш тойрогт нэр дэвшигчтэй улстөрийн нам намын нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болно гэсэн үг. Тэгэхээр хүний нөөцийн хувьд МАН, АН-аас өөр ийм “нөөцтэй” улстөрийн хүчин байхгүй байгаа.

Тэрчлэн Сонгуулийн хуульд зааснаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх босго тогтоосон. Тэгэхээр хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар шатлан нэмэгдэнэ. Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авах эрх зүйн зохицуулалттай. Эл зохицуулалт, босгыг давахын тулд эвсэл болсон жижиг намууд, тэдгээрийн нэр дэвшигчид ихээхэн хөлс, хүч хаях нь зайлбаргүй хэрэг.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн МАН-ынхан Хөгжлийн банк, нүүрс, концесс, тусгай сан гээд даргынхаа оноон зарласан, тэмцсэн олон хулгайтай нэр холбогдсон.

Харамсалтай нь тэрбээр нэгэнт зарласан, зарлагдсан хулгайчидтайгаа, хулгайд нэр холбогдсон гишүүдтэйгээ улстөрийн хариуцлага тооцож чадаагүй бөгөөд үүнийхээ хариуд  худалч, поп, хий хоосон исгэрэгч гэх хоч зүүн иргэдийн итгэлийг алдаад зогсохгүй олон арван гомдогсдын армитай болоод авсан нь үнэн. Түүнд гомдогсод Н.Номтойбаярын хүч болж, ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнийг Ч.Хүрэлбаатараар, Д.Амарбаясгаланг Д.Сумъяабазараар солих санаархал тээн уулзалдах болсныг энд тэмдэглэн үлдээхэд буруутахгүй биз.

Засгийн газрыг гурван жил гаруй хугацаанд тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнээс намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ам асуухаар, хийсэн бүтээснийг нь сонгуулийн сурталчилгаандаа нүүр бардам ашиглая гэсэн намын гишүүд нь Бага хурлын товыг хуанлийн хуудас цоортол хүлээсээр, чимээ анир чагнан намын байраараа орж гаран үзэгдсээр сар шинийн ард гарчихлаа.

Ирэх сарын 25-н гэхэд улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө эмхэлж дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Бие даан нэр дэвшигчдийн хувьд тэднээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 25-ны дотор хүргүүлнэ.

Тэгэхээр АН-ын доторх нам гэгдэх МоАХ болон Н.Номтойбаярын тэргүүлсэн эвслийн өмнө хий багатай нүүдэл хийх хугацаа маш давчуу байгаа гэсэн үг. Ядаж байхад намын генсектээ тойргоо, хийсэн бүтээснээ “алдсан” хэсэг бүлэг нөхөд ч дайны хажуугаар дажин дэгдээж мэдэхээр байна. Энэ талаарх мэдээллийг дараагийн дугаарт хүргэх тул энд дурьдалгүй түр үлдээе.

Үргэлжлэл бий…