Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Энэ талаар болон захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээс тодрууллаа.
-Захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
-18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хүрээнд есөн дүүрэгт захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршуулсан. Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан. Ингэснээр бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Одоогийн байдлаар тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдэх үе шатанд явж байна. Бүртгэгдсэний дараа нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байгаа.
-Хүүхдүүд сургууль дээрээ нууцаар хэрэглэх асуудал их байдаг. Боловсролын байгууллагууд үүнд хэрхэн анхаарч, ямар оролцоотой байгаа вэ?
-Боловсролын байгууллагууд энэ асуудалд олон жил анхаарч ирсэн ч хууль, эрх зүйн орчин дутмаг. Тиймээс сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулах нөлөөллийн аяныг жил бүр өрнүүлдэг. Гэвч багш, ажилчдын зүгээс нөлөөллийн аян энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг хэлдэг учраас хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Нийслэлээс өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байгаа ч улсын хэмжээнд энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчинг бий болгох ёстой. ЭМЯ-нд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнд нийслэлийн зүгээс судалгаа болон санал хүргүүлэхээр ажиллаж байна.
-Согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах насны хязгаар 21 байдаг. Электрон тамхинд насны хязгаарыг яагаад 18 гэж заасан бэ?
-Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүн гэж тооцогдохгүй, түүнийг зохицуулах хууль, эрх зүйн заалт байгаагүй учраас 21 нас гэж заагаагүй. Судлаад үзэхэд дэлхийн улс орнуудын хуульд электрон тамхитай холбоотой зохицуулалт байдаг бөгөөд насны хязгаар нь ихэвчлэн 18,19 байдаг. Улсын хэмжээнд бодлого, хуулийн зохицуулалт одоогоор байхгүй учраас нийслэлийн зүгээс нэн тэргүүнд сурагч буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 18 гэж заасан. Хууль батлагдсан тохиолдолд насны хязгаар 18 байх уу, 21 байх уу гэдгийг ЭМЯ-наас тогтооно.
-Ерөнхий боловсролын сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?
-Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн дунд ангиас сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Гэвч элетрон тамхи хэрэглэдэг ч хэрэглэдэггүй гэсэн хариулт өгсөн хүүхдүүд ч байгаа. Бид эргэн тойрноо харахад маш олон хүүхэд хэрэглэж байгаа харагддаг. Тиймээс дээрх тоог бодит тоо гэж үзэхгүй байгаа.
-Электрон тамхинаас гадна янжуур тамхины асуудал ч бас бий. Сурагчдын янжуур тамхины хэрэглээтэй холбоотой арга хэмжээ авч байгаа юу?
-Тамхины хяналтын хуульд сургууль орчмын 500 метр бүсэд тамхи зарахгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалт хэрэгжихгүй, сургуультай ойрхон дэлгүүрүүд нууцаар зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Тиймээс энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар судалж байна. Судалгаанаас гарсан үр дүнг санал болгон ЭМЯ-нд хүргүүлнэ.
-Ер нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
-Нийслэлээс НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг боловсруулж байна. Хоолны шим тэжээлийг ярихаас өмнө амны хөндийн эрүүл мэндийг авч үзэх ёстой. Амны хөндийн эрүүл мэнд муу бол хэчнээн шим тэжээлтэй хүнс идээд тэжээлээ авч чадахгүй, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Тиймээс энэ онд улс даяар зарлаад буй “Шүд” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зүгээс шүдний эмнэлэг, байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзлэг хийх, энэ чиглэлийн боловсрол дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сургуулиудад хэрэгжүүлэх жишиг журам боловсруулж, нөлөөллийн аян хийхээр төлөвлөж байгаа.
Дашрамд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.