Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл Экологийн цагдаагийн албанд иргэдээс иржээ.
Мэдээллийн дагуу  шалгалтын ажиллагаа зохион байгуулахад тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоожээ.
Хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.