УИХ-ын сонгууль томсгосон тойргоор болохоор тогтсон.Энэ дагуу УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, Сонгуулийн жил эхэлснээс хойш 8 заалт бүхий үйл ажиллагааг нэр дэвшигч, аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон.
Гэвч үүнд УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих асуудал хамаарахгүй гэж УИХ-ын сонгуулийн хуулийн 44.6 –д тодорхой заасан.
Ажлын тайлан гэдэг бол өнгөрсөн 4 жилд юу хийсэн гэдгээ өөрийг нь сонгосон сонгогчидод очиж мэдээллэнэ гэсэн үг.
УИХ-ын гишүүн тайлангаа тавих үйл ажиллагааг хуулиар хориглоогүй нь үнэн боловч 2020 оны сонгуулиар тойргоосоо санал авч сонгогдсон, өөрийг нь сонгосон тойргийн сонгогчидод УИХ-ын гишүүд очиж тайлангаа тавих учиртай.
Гэтэл өдгөө УИХ-ын гишүүд ажлын тайлангаа танилцуулах нэрээр өөрийг нь сонгосон сонгогчидоосоо хальж, өөрийг нь сонгоогүй, өөр аймгийн сонгогчид дунд очиж “ажлын тайлан”-гаа хүргэх нэрээр “сонгуулийн хуульд заасан сонгогчдын саналыг татах” үйл ажиллагааг эрхэлсээр явна.
Магадгүй УИХ-ын гишүүд улс орны хэмжээний бодлого гаргадаг учир аль ч аймгийн, тойргийн гишүүдэд тайлангаа хүргэж болно гэж хэлэх байх. Гэхдээ “Б” гэдэг гишүүний хийсэн ажил, хэлсэн үг, бодлого шийдвэр, хууль санаачилсан байдал гагцхүү түүнийг сонгосон тойргийн сонгогчидод л хамаатай болохоос бусад тойргийн сонгогчидод огт хамааралгүй хэрэг.
Үүнийг жаахан ёгтолж хэлбэл 2020 онд Чингэлтэй дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүн, өдгөө Сүхбаатар дүүргийн иргэдэд очиж ажлын тайлангаа хүргээд байгаагаар өөрцгүй хэрэг.
Дээр нь УИХ-ын гишүүдийн тойрогтоо тайлангаа танилцуулах нэрээр аймаг хэсээд явж буй дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “14.2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа хэрэг юм.
Яг л Жорж Орвеллийн “Амьтны ферм” зохиолд гардаг шиг “Бүх амьтад тэгш эрхтэй, гагцхүү гахай илүү эрхтэй” гэдэг шиг Үндсэн хуулиар бол бүхиргэдтэгш эрхтэй, харин сонгуулийн хуулиар бол УИХ-ын гишүүд илүү эрхтэй болчихоод байна.
Цаашлаад сонгуульд нэр дэвшигчид, томсгосон тойрогт нэр дэвшихдээ хуулийн хүрээнд 18 хоног л сонгуулийн сурталчилгаа хийх бол УИХ-ын гишүүд үндсэндээ хагас жил буюу 180 хоног ажлын тайлан тавих нэрээр “сурталчилгаагаа” хийж байна.
Тиймээс Сонгуулийн тухай хууль, УИХ-ын гишүүдийн “ажлын тайлангаа танилцуулах” нэрээр томсгосон тойргуудад очиж, “далд сурталчилгаа” хийж байгаа үйлдэл нь Үндсэн хуулийг илтэд зөрчиж байгаа хэрэг болоод байна.
Ц.Мөнх
Амлалт.мн