“Амлалтыг сануулъя…”
“Ам алдвал барьж болдоггүй” гэсэн ардын сайхан үг бий. 2016, 2020 онуудад парламентад олонх болж, найман жил тасралтгүй төр барьсан МАН-д иргэд сонгогчид “дүнгээ тавих” цаг айсуй ирж байна.
Амлалт.мн сайт МАН-ын амлалтыг олон нийтэд хүргэж, сануулж ажилладаг. Энэ удаад бид 2020 оны УИХ-ын сонгуульд МАН хэрхэн амлаж байсан, тэр цагаас хойш 4 жил өнгөрсөн ч мөнөөх амлалт нь биелсэн эсэх асуудлыг хөндөж, сонгогчдод цувралаар мэдээлэхээр “Амлалтыг сануулъя” буланг нээж байна.
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН олон зүйл амласан ч ард иргэдийн амьдралд хамгийн ойр, хэрэгжсэн бол үр дүнгээ өгөх, олны дэмжлэгийг авах байсан цөөн хэдэн амлалтуудаас энэ удаад онцлон хүргэе.
Тухайлбал:
- Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
- Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.
- Олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна.
- Улсын хэмжээнд нийт ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг 1 ээлжтэй болгоно.
- Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
- Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна.
- Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
- Ахмад настны чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл авах, хөгжих боломжийг бүрдүүлэх хөгжлийн төвүүдийг нэмж байгуулна.
- Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно.
- Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна.
- Мал, амьтны гаралтай арьс, шир, үс, ноос, ноолуурыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
Энэ удаад бид эдгээр хэдхэн мөрийн хөтөлбөрийг онцолж байна. Хэрэв зээлийн хүү буурсан бол иргэдийн амьдрал дах ачаалал тэр хэрээр багасаж, улсын хэмжээнд ЕБС-ийн 80 хувь нь нэг ээлжтэй болсон бол хүүхэд багачууд шөнө орой болтол гурван ээлжээр хичээллэхээ больж, нэг жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолбор баригдсан бол таван хошуу малын арьс шир үнэгүйдэж, хог дээр хаягдахаа болж, төрийн дэмжлэгээр залуучууд шинээр орон сууцанд орохдоо бага хүүтэй зээл авах боломж бүрдэх байлаа.
Даанч энэ мөрийн хөтөлбөрүүд цаасан дээр л үлдэж, бодит байдал дээр ажил хэрэг болж чадсангүй. Тиймээс иргэд сонгогчид та бүхэн МАН-аас 2020 онд УИХ—д гишүүдээс ажлын тайлангаа танд хүргэхээр уулзах үед та УИХ-ын гишүүдээс дээрх мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нь нэхэж асуугаарай….
Ц.Мөнх
Амлалт.мн