Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв хоног үргэлжилж шийдвэрээ гаргалаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Улмаар шүүхээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, УИХ-ын дарга асан З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан билээ.