УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах хуулийн төслүүд болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсчээ.
Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар
- УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль
- Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
- Ахмадын тухай хууль
- Биеийн тамирын тухай хууль болон өмнө хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батална.
- Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас зудын нөхцөл байдлаас нийт 16 сая тоо толгой мал хорогдохоор байгааг танилцуулав.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжид 10 орчим хууль, шийдвэр байна гэж үзэж байна. УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон бий.
Хоёрдугаарт Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина.
2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байна, хууль гаргана гэсэн голт заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой юм.
Хот, тосгон эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийг чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.
Сонгуульд нэр дэвшигчдийн хугацаа дуустал буюу зургаадугаар сарын 1-н хүртэл УИХ-ын чуулган үргэлжилнэ.
Туулай жилийн төгсгөл луу жилийн эхэнд улс даяар цаг агаарын байдлаас мал аж ахуйн салбарт нэлээд хүндрэл гарч байгаа.
Малчдын зээлийн хүүг хойшлуулах, малтай болгох асуудлаар тодорхой арга хэмжээний саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй гэж үзлээ. Засгийн газраас урьдчилсан байдлаар 16 сая орчим толгой мал хорогдох тооцоолол гарсан юм билээ.
Мал аж ахуйн салбар одоогийн байгаа хэлбэрээрээ хөгжих боломжгүй болоод буй. Цаашид энэ салбарыг яах вэ гэдэг асуудлаар санал боловсруулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээн мэдээллээ.