УИХ 126 гишүүнтэй байхаар хуульчилсан нь горилогчдын тоог хөөргөж, хэлтэй амтай хэн ч парламентад суучих юм шиг эндүүрч явна. Гэхдээ намаас мандат өвөртөлж, нэр дэвших боломж хүртээмжтэй болсон ч эмэгтэйчүүдийн хувьд магадлал маш бага байгаа. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх хэмээн зааж 126 нэр дэвшигчийн дор хаяж 40 нь эмэгтэй байхаар заасан ч энэ нь хөрсөн дээрээ ажил болох нь юу л бол.

Энэ удаагийн сонгуулиар мөрийн хөтөлбөр гэхээсээ нэр дэвшигчдийн өнгө төрх, “хэлбэр” сонгогчдын анхаарлыг илүүтэй татаж байна. Товчхондоо, сонгогчид мөрийн хөтөлбөрт итгэхээ больсон муу үзүүлэлт.

МАН-аас Ховдын Засаг дарга Э.Болормаа, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго нарыг эмэгтэйчүүдийнхээ тод өнгө хэмээн өмнөө барьж байна. Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Б.Батцэцэг тэргүүтэн нэгэн үе намын нэрийн хуудас болж явсан ч иргэд тэднийг мөрийн хөтөлбөрийн нэгэн адил үл тоох хандлага илүүтэй байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн ганц найдвар Э.Болормааг МАН-ын эмэгтэйчүүдийг авч гарах өнгө хэмээн тодорхойлж байсан ч өнөөх нь авч гарах байтугай аваад уруудуулж мэдэхээр, ялагдлын тэн хагасын шалтгаан болж мэдэхээр байгааг хэлэх хэрэгтэй. Хойд Солонгосын ерөнхийлөгчийг санагдуулам имиж бүрдүүлж, цоохор дээлт моячуудын нэгэн үеийн маркетингийг тэр чигт нь хуулбарлан хөдөө талгүй цусан улаан өнгөнд автуулсан нь олны бухимдлыг дээд цэгт хүргэж, намын зүгт чулуу нүүлгэхэд хүргэж байна. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз Э.Болормааг коммунизмд хөтөлж мэдэх эрсдэлтэй кандидат гэх дүрээр залуучууд “харчихлаа”. Үүнийг эргүүлж залруулж чадах нь юу л бол…

Сонгуулийн тойрог том тул сонгогч нэг бүрт хүрч ажиллах цаг хугацаа дэндүү давчуу. Тиймээс нэг эвгүйхэн мэдээ цацагдахад эргүүлж засч залруулж чадалгүй санал хураалттай золгоно. Тиймээс үг өнгө үйлдэл бүртээ хянуур байх шаардлага горилогчдод хүссэн хүсээгүй тулгарч буй нь үнэн. Таагүй мэдээлэлтэй ганц сонины дугаар орон нутагт тарахад л тухайн нэр дэвшигчийн зүгээс юу ч хийж, юуг ч өөрчилж чадахгүй байсаар уруудчихна гэсэн үг.

МАН залуу бүсгүйчүүдийг өнгөлөх намын нэрийн жагсаалтад Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ж.Таныг мөн нэрлэж байгаа. Элчин сайд асан Ц.Жамбалдоржийн охин гэдгээр улстөрийн хүрээнийхэн гадарлах тэрбээр АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгсгөсөн гэдэг. Эцгийнхээ нэр дороос цухуйж үзээгүй түүнийг парламентад үзэл бодол, үйл хэргээрээ өөрийгөө авч явж чадна гэдэгт олон хүн эргэлздэгийг энд тэмдэглэхэд буруутахгүй байх.

Тиймээс энэ мэт эмэгтэйчүүдээр гоёж буй МАН-ыг АН-ын эмэгтэйчүүд төсөөлшгүй хол орхино гэдгийг улстөр судлаачид ам бардам хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн энд хүрэх эмэгтэй МАН-д байхгүй гэх сонирхолтой дүгнэлт байна. Хуульч, эдийн засагч тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллахдаа олон ч хуулийн ард гарч, ихээхэн “бөөс хуурс” түүсэн парламентч байсан нь үнэн. Тэрбайтугай, МАН-ын гишүүд хүртэл санаачилж, боловсруулсан хуулийн төслөө барьж гүйн зөвлөгөө авдаг байсныг Төрийн ордныхон андахгүй. УИХ-д гишүүнээр суух хугацаандаа амаа үдүүлж бус хүний, өөрийн гэлтгүй УИХ-ын гишүүд, танхимын сайд, ажлын албаныханд хэлэх гэснээ хэлчихдэг жаатай нэгэн байсан гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байх. Олон ч хуулийн төслийн автор болж батлуулсан тэрбээр өдгөө АН-ын лидер бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор эрэмбэлэгддэг бөгөөд тоо, баримт орж толгой ажиллуулсан бүгдийг нухаж суудаг нэгэн гэж байгаа.

Ямартаа АН-ын эмэгтэйчүүдийн тод өнгө болсон түүнийг харлуулах зүйл огт олддоггүй юм билээ хэмээн нэг тойрогт өрсөлдсөн нэр дэвшигч нь хэлж байхав. 126 парламентчийн тал нь хогийн тантан шиг эрээвэр хураавар нөхөд орж ирлээ гэхэд үлдсэн тал нь ядаж мэдлэг чадвар нь тулчихсан салбар салбарын лидерүүд орж ирэх ёстой юм. Үүнд аль ч намынхан онцгой анхаарч намын жагсаалтын эхний дугааруудад хоосон кнопчдыг бус харин хууль тогтоох, санаачлах, засч залруулж чадах боловсон хүчнүүдээ бодлогоор эрэмбэлж чадвал супер…

Тэр утгаараа АН-ын эмэгтэйчүүдийг төлөөлж чадах өөр нэг гоё дүр нь яалтчгүй хуульч Р.Булгамаа юм. Хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудалд хамгийн их дуугардаг, нөлөөлдөг, хийх ёстойг нь хийж чаддаг хуульч өмгөөлөгч гэдгээр олон нийт түүнийг андахгүй.

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага.

Хуульч, эрхзүйч гэх хоосон дипломтнуудын дэргэд практик дээр мэргэшсэн, нэгэнт хэрэгжиж буй Хуулийн алдаа оноог амьдрал дээр мэдэрч яваа энэ эмэгтэй АН-ын жагсаалтад зүй ёсоор бичигдэх эрх бүхий нэгэн гэчихэд хэтийдсэн болохгүй биз. Охид, бүсгүйчүүд, хүүхдийн эрхтэй холбоотой асуудал нийгэмд хамгийн эмзэг харанга болон дэлдэгдсээр байх ч УИХ дахь эмэгтэй гишүүд юу хийх, юунаас эхлэхээ мэдэхгүй зүхүүлсээр яваа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлт, нийгмийн гадуурхал, онц хүнд гэмт хэргүүд гээд оролцоогүй сэдэв, өмгөөлөөгүй хэрэг ховор Р.Булгамаагийн хувьд албан тасалгааны цонхоор харагдах амьдрал дээрх хуулийн алдаа, оноог засч залруулаад явах кандидат яах аргагүй мөн юм.

Залуу үеийн төлөөлөл болсон Б.Жаргалан ч МАН-ын эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүүрхэж чадахуйц дүр. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын охин гэдгээр уншигчид мэдэх биз. Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг АН-ыг өнгөлөх бүсгүйчүүдийн нэгээр нэрлэж байгаа.

Тэгэхээр МАН, АН тохиролцооны Засгийн газар байгуулахаар хэлэлцэн тохиролцсон шигээ намын жагсаалтад кнопчдыг, намын удирдах түвшний хэн нэгний санал болгосон утсан хүүхэлдэйг бус ХУУЛЬ ТОГТООХ дээд байгууллагын хэм хэмжээнд нийцэж чадах, өнгөрсөн парламентуудад үгүйлэгдэж байсан салбар салбарын мэргэшсэн кадруудыг эрэмбэлэн оруулж ирэх нь улсын хөгжлийн төлөөх гарцаагүй зөв алхам болох юм.

Жинхэнэ парламентч болох эрхмүүд тойрогт өрсөлдөх, жагсаалтад ч багтах мөнгөгүй халаас хоосон яваа гэдэг нь бодит ҮНЭН билээ.