Бүсчилсэн тойргоос сугарч үлдсэн хэрчим “талх” болох гурван мандат бүхий Баян-Өлгий аймаг яагаад бүсчилж хөгжүүлэх хөтөлбөрийн гадна үлдчихэв…
Тус аймгийг дангаар нь тойрог болгосныхоо учир шалтгааныг эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон генсек Д.Амарбаясгалан нар тодорхой хариулж чадахгүй л яваа. Баян-Өлгийчүүд ч үүнд баярлах уу, гомдох уу гэдгээ мэдэхгүй суугаа гэдэгт эргэлзэх юм алга.
Өдгөө 71 настай Х.Баделхан тэтгэвэртээ суухаас урьтаж намын нэрийн жагсаалтад багтах хүсэлтэйгээ ил хэлчихлээ. Гэхдээ гар хөлийн үзүүрт гүйдэг Т.Аубакирт дахин боломж олгуулах тохироотойгоор гэж байгаа.
Т.Аубакирын ураг төрлийн хэлхээ улстөрд хэтийдсэн их болохыг дэд сайд асан Ж.Сауле олон нийтэд дэлгэж байсныг уншигчид мэдэх биз. 2020 оны сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байсан Ж.Саулег Х.Бадельхан “бантан” найруулж, намын мандат хуваарилалтын гадна үлдээж дөнгөсөн гэдэг. Ингээд оронд нь Т.Аубакирт мандат зүүж өгсөнд Ж.Сауле бухимдан “Т.Аубакир бол УИХ-ын гишүүн Х.Баделханы эгчийн, УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ахынх нь хүүхэд. Т.Аубакирын эхнэр нь УИХ-ын гишүүн асан А.Тлейханы хамаатан. Тэд бол сүлжээ. Тиймдээ Т.Аубакирыг нэр дэвшүүлж, танил талгүй намайг унагалаа” гэж байв.
Т.Аубакирын улстөрийн намтар нь өвгөн гишүүний хөлийн мөрөөс холдож үзээгүй.
2008 онд Х.Баделхан УИХ-д анх удаа сонгогдоход тэрбээр аймгийн намын хорооны тэргүүлэгч, МАН-ын дэргэдэх Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны тэргүүн, Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч гэсэн гурван гуншинтай байв.
Х.Баделхан 2017 онд Барилга хот байгуулалтын сайд байхдаа Т.Аубакирыг ХХААХҮ-ийн дэд сайдад зүтгүүлэхэд АТГ-аас “Хувьдаа газар тариалангийн компанитай, ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн тодорхойлолт дарж дэдийн сайдын суудалд залрах боломжийг нь хаасан явдлыг санах нэг нь санаж л байгаа байх. Гэсэн ч тэр ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргын албан тушаалд очиж чадсаан. Улмаар 2020 оны сонгуулиар нагац ахтайгаа нэр дэвшиж, парламентад өвгөн ахынхаа “таяг” болон орж ирсэн гэхэд ташаарсан болохгүй юм.
Түүнтэй хамт холбоотой морь мэт гүйх болсон Х.Жангабылыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх гэдгээр Төрийн ордон хавийнхан мэднэ. Энэ нөхөр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр горилжээ. Тиймээс Т.Аубакирыг өвс тэжээл, гурил будаа тараасан ч дагалдаж, ачигч буулгагчийн ажил хийн завгүй байх болж. Аймгийнхаа шатахууны “мангас” гэгддэг түүнийг цаашид Б.Чойжилсүрэнгийн “лифт”-ээр парламентын танхимд орж ирнэ гэдэгт мөрийцсэн ч алдахгүй биз.
Үлдсэн мандатад С.Зулпхар, Х.Нурлат, А.Гылымхан нарыг нэрлэж байна.
Харин АН-аас Д.Мурат дахина гэх мэдээлэл бий. Д.Гантулгын “бандааж”-ны хэргийн араас ёс бус зураг, бичлэг нь дэлгэгдэн бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалд ороогдон нийгэмд адлагдаж байсан тэрбээр цэнхэр дарцгаа барьсаар горилох хүсэлт гаргажээ. Түүнд холбогдох хэргийг Шүүхээс цагаатгасан ч сонгогчид нь цагаатгалгүй өмнөх сонгуулиар ялагдал хүлээлгэсэн.
Тус тойрогт УИХ-ын гишүүн Б.Бейсен, аймгийн Засаг дарга асан Х.Дармен, АН-ын дэд дарга Ш.Жандос, Р.Гажайв гэхчлэн мандатын тооноос давсан горилогчид ч бий.
Б.Бейсенийн хувьд хуулийн байгууллагад хавтаст хэрэг нээлгүүлчихсэн, бүртгэлтэй яваа. Хөгжлийн бэрхшээлтэй гэх оношийг хуурамчаар үйлдэж, халамжийн мөнгө авдаг байсан хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн ч хэрэг эцэслэгдээгүй байгаа. Тиймээс энэ удаад өнжөөх хувилбар дуулдаж буйг дурьдалгүй орхиж болохгүй.
Түүний оронд Х.Баттулгын квотоор Ш.Жандос орж ирнэ гэх тооцоог улстөр сонирхогчид хийж байна. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход туслахаас нь зөвлөх болон дэвшиж, 2013 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын даргаар томилогдож байсан энэ эр баруун солгойгүй халаа сэлгээ хийсэн гэх арилшгүй буруутгалтай. Тэрбээр 2015 онд Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Х.Баттулгыг Төрийн тэргүүн болмогц зөвлөхөөр нь ажиллах болсон “цүнх баригч”.
Өнгөрсөн жил АН-ын 15 дэд даргын нэгд Х.Баттулгын квотоор сонгогдсон түүн дээр Б.Чойжилсүрэнгийн “лифт”-нд суусан гэх Х.Жангабыл, Т.Аубакиртай ороод ирэхэд л Баян-Өлгий аймаг хүссэн хүсээгүй МоАХ дардастай болчихож байгаа юм.
Угаас энэ сонгуулиар МАН, АН гэхчлэнгээр аль нэг нам бус нам намын дотоодоос эрх ашиг, ашиг сонирхолдоо хөтлөгдсөн бүлэглэл ялна гэдгийг хэн хүнгүй хэлж байна.