УИХ дахь АН-ын бүлгээс УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай улс төрчдөө жагсаалтаар биш тойрогт өрсөлдөхийг уриаллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар эдийн засгийн нөхцөл байдал, удахгүй болох УИХ-ын сонгуулийн талаар ярилцжээ.

Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН Баялгийн санг асар их дэмждэг. Гэтэл Хуримтлалын гэдэг нэртэй халамжийн сайдад хариуцуулсан хөтөлбөр гаргаад, сонгуулийн өмнө баруун солгойгүй цацаж эхлэх гэж байна. Түүн дотор Хөгжлийн сан нэртэй төсвийн хавсарга санг бий болгоод ажиллуулж эхэлсэн. Асар чухал хариуцлагатай бодлогыг яаж яарин болгож байгааг харах харамсалтай байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан хууль бий. Үүнд энэ хууль төсвийн хуультай зөрчилдвөл төсвийн хуулийг хэрэгсэхгүй гэсэн заалттай. Төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 оны төсөөлөл байтугай 202407.01-нээс хойш Монгол Улс байх, байхгүй нь хамаагүй мэт аашилж байна.

Монгол Улсын баримталдаг төсвийн тогтвортой байдал, төсвийн сахилга бат, эрдэс баялгийн үнэ, Хятадын эдийн засагт ямар өөрчлөлт гарч байна гээд энэ бүгд хамаагүй, сонгуульд л ялж байвал Монгол Улсын ирээдүй байтугай гурван сарын дараах Монгол Улс хамаагүй гэдэг байдалтай төсвийн хүрээний мэдэгдэл, санхүүгийн тооцоолол орж ирсэн нь харамсалтай” хэмээв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Ганибал “Энэ удаагийн сонгуулиар Монголын ардчилал ялах ёстой. Нэгэн цагт Монголд ардчиллыг авчрахын төлөө бие сэтгэлээ зориулж байсан хүмүүс маань энэ удаад намын жагсаалтын ард нуугдаж, ардчиллын нэр хүндийг унагаахгүй байгаасай. Тодорхой нэр бүхий хүмүүс бий. Тэднийг намын жагсаалтын ард нуугдан ардчиллын нэр хүндийг битгий доош нь татаасай гэж хүсэж байгаа” гэв.