Яг үнэндээ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг өнөөдөр хэдэн тусдаа хэрэг болчихов оо” гэдэг асуулт тавигдаж, хариулт нэхчихээд байна. Эрж сураад явах нээ, “Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн”, “Уг хэргийг хаах зорилгоор 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” хоёр хэрэг асуудал болчихоод байгаа аж. Хоёр дахь асуудал буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон.
Гэхдээ “…Хэн, ямар зорилгоор тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллласан бэ” гэдэг нь одоогоор албан ёсоор эцэслэн тодорхой болоогүй байна. Харин сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор тодорхой хүний нэр яригдаж, факт баримт хөндөгдөх болсон. Энэ нь 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бололтой. Тодруулбал, 1998 оны есдүгээр сарын 5-нд үл таних этгээд С.Зоригийн ээж рүү утсаар ярьж “Хүүгээ татаж ав, аминд нь халтай шүү” гэсэн агуулгатай зүйл хэлсэн.
Ингэж 3-4 удаа ярьсан. Ийм яриа энд тэнд гардаг байв. Тэгвэл тэр “үл таних этгээд” хэн байсан нь өдгөө тодорч буй бололтой. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон үсний тухай бас ярьсаар ирсэн. Хэргийн маш чухал нотлох баримт гэхэд болно. Хууль хяналтынхан уг нотлох баримтыг АНУ-д шинжлүүлэхээр 2023 оны зургадугаар сард тохирчээ. Энэ дагуу тус улсад гурван сарын турш нарийвчилсан шинжилгээ хийжээ. Дүгнэлт нь өнгөрсөн баасан гаригт гарчээ. Энэ мэтчилэнгээр, мөрдөгчид 26 жилийн өмнөх зарим ноцтой үйл явдлуудын мөрөөр орсон байж магадгүй байна. Тэгэхээр мөрдөх байгууллага, прокурорын зүгээс удахгүй эдгээр асуудалд хариулт өгч, энэ талаар мэдээлэл хийх биз ээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин