Сонгуульд нэр дэвшигчид зургаан хоногийн дараа тодрох нь. Хориод нам квот бүрт нэр дэвшигч зооно гэж үзвэл лавтайяа 2-3 мянган хүн 126 мандатын төлөө нэр дэвших нь шиг байна. Лут юм болно. Гэвч, сонгуульд нэр дэвшихээр санаархагсдыг үзвэл, шалихгүй, дорой, санаа төдий улс мөн их байна даа. Үнэмлэхүй, ерээд хувь нь тийм байна. Гэвч даравч далдайх, булавч бултай улс байх л юм. С.Баярцогт байна. Олон нийтэд нэр хүндийг нь унагах ажил их хийсэн л дээ. Үнэндээ С.Баярцогтын дайны улс төрч Монголд нэн цөөхөн.

Саяхан өгсөн ярилцлагад, энэ улсад юу хэрэгтэй, дэлхий хэрхэн урагшилж байна гэдгийг бүрмөсөн ярьсан байна лээ, тэгж бид хамт урагшлах ёстойг учирласан байна лээ. С.Баярцогтыг хар хэрээ болгох ажлыг хангалттай хийгсэд бол харин жинхэнэ хар хэрээнүүд үнэндээ С.Баярцогтын дэргэд лаг шаврууд юм.

М.Энхболд байна. Хөөлгөж, туулгаад л одсон. Эрийн шийр заагаад, элдэв юм ярихгүй, дүнэгэр л яваад байгаа нь мэдрэгдэнэ. Энэ Улсын Их хуралд суухаар зүтгэгсдийн дэргэд уул шиг эр дээ. Аль ч талаараа. Ардын нам дэвшүүлэхээр хөөрцөглүүлж байгаа зуун залуутай тэнцэх дүн бангийн эр.

Энэ сонгуульд хэн хамгийн их мөнгө гаргаж байгааг мэргэн сонгогчид тандаарай. Тэд бол нүүрсний дөчин их наядын хулгай, ногоон автобусны луйврын холбоотны хань хамсаатнууд гэж үзэхэд хилс болохгүй. Монголын ард түмэн энэ сонгуулиар луйварчдыг л сонгож болохгүй. Хэн Монгол улсыг авч явах, хэн өргөх вэ гэдгийг нам үл харгалзан мэргэн оюунаар тунгааж, саналаа өгөх учиртай. Тийм ч учраас намуудын нэр дэвшүүлсэн хүмүүсээс болохгүй, үндэсний эрх ашигт үл нийцэх хүмүүс байвал шууд татгалзан, Сонгуулийн ерөнхий хороо, намууд, бусад байгууллагуудад хандан нэрийг нь татуулах хэрэгтэй.

Б.ГАРЬД

amlalt.mn