Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Япон-Монголын Хөдөө аж ахуйн нийгэмлэгийн дарга, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга асан Кога Иссэй, Кюүшюүгийн их сургуулийн профессор Танигүчи Хирофүми, Токиогийн ХААИС-ийн магистр, зөгий судлаач Тани Чигүса нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүнсний ногооны тариалалт, боловсруулалт, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Манай улс энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 81 хувийг дотоодоосоо хангах урьдчилсан баланс гарсан. Цаашид хүнсний ногоо тариалахаас эхлээд хураалт, хадгалалт, тээвэрлэлт гээд хэрэглэгчийн ширээнд хүртэлх бүх үе шатыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага тулгарч байгааг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулав.

Эрүүл, органик, чанартай хүнсний ногоо, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Энэ нь хүнсний ногоочдыг орон нутагтаа сайхан амьдрах, тэдний эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж Япон-Монголын Хөдөө аж ахуйн нийгэмлэгийн дарга Кога Иссэй байр сууриа илэрхийлсэн юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөлтэй уялдуулж энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болохыг Төрийн нарийн бичгийн дарга онцлоод Монголд тарьж ургуулсан хүнсний ногоогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд салбар яамнаас шаардлагатай дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.