Хууль зүй, дотоод хэргийн яам цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.05) зохион байгууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсэг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргаад байна.
Тус хэлэлцүүлгийн үр дүнд
📌Санал, шүүмж, зөвлөмж, дүгнэлтийг Ажлын хэсгийн судалгаанд нэгтгэж, хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллагуудад хүргүүлнэ.
📌Шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох төсөл боловсруулж, шийдвэрлүүлнэ.
📌Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.