Улсын хэмжээнд 1993 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг нэгтгэсэн “Монгол-93” нэгдлийн спортын анхдугаар их наадам энэ сарын 20-22-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болов.
Спортын таван төрөлт тэмцээнд 19 аймаг, хоёр дүүргийн нийт 21 багийн 1000 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Д.Цэвээнноров ахлагчтай “Дархан-93”-ын тамирчид эзэлж, шилжин явах цомын эзэн болсон юм. Хоёрдугаар байрыг О.Цэрмаа ахлагчтай “Говь-Алтай-93”, гуравдугаар байрыг Э.Бямбацэрэн ахлагчтай “Архангай-93”, дөрөвдүгээр байрыг С.Оюунгэрэл ахлагчтай “Сэлэнгэ-93” тус тус эзэлжээ.
Төрөл тус бүрээс эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг танилцуулъя.
Шатрын эмэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр байрт “Ховд-93”-ын төгсөгч Б.Цэцэгхүү, хоёрдугаарт “Булган-93”-ын Ц.Чулуунцэцэг, гуравдугаарт “Архангай-93”-ын М.Оюунцэцэг нар шалгарсан байна. Эрэгтэй шатарчдаас тэргүүн байрыг “Дархан-93”-ын төгсөгч Ц.Идэш эзэлсэн бол “Завхан-93”-ын Д.Мөнхтөр удаах, “Дархан-93”-ын Б.Мягмар гутгаар байрт оржээ.
Ширээний теннисний тэмцээний эмэгтэй ганцаарчилсан ангилалд нэгдүгээрт “Дорнод-93”-ын Д.Болор-Эрдэнэ, хоёрт “Чингэлтэй-93”-ын Б.Энхжин, гуравт “Ховд-93”-ын Б.Цагаач орсон байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын тэргүүн байрыг “Чингэлтэй-93”-ын Б.Баатарчулуун, удаах байруудыг “Эрдэнэт-93”-ын У.Бат-Орших, “Ховд-93”-ын Н.Ганзориг нар эзлэв. Холимог хосын төрөлд нэгдүгээрт “Ховд-93”-ын Н.Ганзориг, Б.Цагаач, хоёрдугаар байрт “Өвөрхангай-93”-ын А.Хүүхнээ, С.Хандсүрэн, гуравдугаарт “Эрдэнэт-93”-ын У.Бат-Орших, Ц.Болормаа нар шалгарчээ.
Бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд нэгдүгээр байрыг “Дархан-93”-ын Р.Эрдэнэбилэг эзэлсэн бол “Архангай-93”-ын Ю.Түвшинзаяа, “Чингэлтэй-93”-ын Б.Батгэрэл нар удаах байруудад орсон байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэргүүн байрт “Эрдэнэт 93”-ын төгсөгч Ж.Гэрэл-Эрдэнэ шалгарч, “Сэлэнгэ-93”-ын Б.Энхжаргал, “Дорноговь-93”-ын Ц.Наранбаатар хоёр, гуравдугаар байрт орсон юм. Холимог хосын ангилалд “Дархан 93”-ын Г.Ганбөх, Р.Эрдэнэбилэг нар тэргүүлж, “Сэлэнгэ-93”-ын Д.Баярзориг, Ж.Оюунцэцэг, “Увс-93”-ын Д.Амарбуян, Г.Батчимэг нар удаах байруудад шалгарчээ.
Волейболын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Ж.Батболор ахлагчтай “Баянхонгор-93”-ынхан I байр эзэлж, И.Балжинням ахлагчтай “Хөвсгөл-93”, А.Долоонхүч ахлагчтай “Дундговь-93”-ын баг тамирчид II, III байрт оров. Эрэгтэйчүүдээс Д.Цэвээнноров ахлагчтай “Дархан-93”-ынхан тэргүүлж, А.Долоонхүч ахлагчтай “Дундговь-93”, Т.Баттөмөр ахлагчтай “Булган-93” багийн тамирчид удаах байруудад шалгарсан аж.
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Ж.Батболор ахлагчтай “Баянхонгор-93”-ынхан I байрт оржээ. II, III байрыг Ш.Алтангэрэл ахлагчтай “Чингэлтэй-93”, Д.Цэвээнноров ахлагчтай “Дархан-93” багийнхан эзэлсэн байна. Энэ төрлийн эрэгтэйчүүдийн ангиллын нэгдүгээр байрыг Б.Баатаржав ахлагчтай “Сүхбаатар дүүрэг-93” багийнхан эзэлжээ. Удаад нь Д.Цэвээнноров ахлагчтай “Дархан-93”, гутгаарт Г.Түвшинжаргал ахлагчтай “Дорноговь-93” багийн сагсан бөмбөгчид оров.
Мөн энэ үеэр волейбол, сагсан бөмбөгчдийн дундаас шилдэг довтлогч, холбогч, хамгаалагчдыг шалгаруулсан юм. Волейболын Шилдэг эмэгтэй довтлогчоор “Дундговь-93”-ын Б.Баярмаа, Шилдэг эмэгтэй холбогчоор “Баянхонгор-93”-ын Ж.Батболор, Шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор “Баянхонгор-93”-ын Ё.Сийлэгмаа, Шилдэг эрэгтэй довтлогчоор “Дундговь-93”-ын Д.Батзул, Шилдэг эрэгтэй холбогчоор “Булган-93”-ын Д.Баасансүрэн, Шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор “Дархан-93”-ын Б.Ганхуяг нар шалгарав. Сагсан бөмбөгийн Шилдэг эмэгтэй довтлогчоор “Баянхонгор-93”-ын Д.Отгонжаргал, Шилдэг эмэгтэй холбогчоор “Чингэлтэй-93”-ын Э.Солонго, Шилдэг эмэгтэй хамгаалагчаар “Дархан-93”-ын Б.Ариунаа, Шилдэг эрэгтэй довтлогчоор “Сүхбаатар дүүрэг-93”-ын С.Батболд, Шилдэг эрэгтэй холбогчоор “Дархан-93”-ын Б.Золбаяр, Шилдэг эрэгтэй хамгаалагчаар “Дорноговь-93”-ын Ж.Отгондарь нар тодорлоо.