Авто тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар  НИТХ-д танилцуулсан.

Статистик мэдээллээр Улаанбаатар хотын замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг байснаас 10 жил засвар шинэчлэл хийхгүй тохиолдолд 420 тэрбум төгрөг болж үнэлгээ буурахаар байна. Мөн хотын гол болон туслах замуудыг насжилтаар нь авч үзвэл, 1-5 жилийн насжилттай зам 164.1 км, 5-10 жилийн насжилттай зам 306.9 км, 10-15 жилийн насжилттай зам 237.2 км байна. Нийт авто замын сүлжээний 82 хувь нь засвар шинэчлэл хийх шаардлагатай байна. Дотоодын бондын эх үүсвэрээр 270.6 тэрбум төгрөгөөр 68 байршилд 138.8 км замыг шинэчилж, гол замын нийт 65.2 хувийг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Төсөлд тусгаснаар автомашины моторын хэмжээнээс 100.000-250.000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр байна.