Нөгөө хоёр маань бие биенийхээ тархинд түрээсгүй оршсоор хэдэн сар өнгөрчээ. Тэгээд одоо бидний тархинд түрээсгүй орших хүсэлтэй гэнэ ээ. Оюун-Эрдэнэ он сар, өдөртэй, тодорхой хүмүүсийн нэрийг дурдсан мэдээллийг өнөөдөр хэвлэлийнхэнд өгснийг хэд дахин сонслоо. За Ерөнхий сайдын ярьж байгаагаар Элбэгдорж Тавантолгойг өөртөө авах л сонирхолтой байсан, улмаар 2013 онд тухайн үеийн Засгийн газрын төлөөлөл буюу Хөхөөгийн Ганболд, Батцэнгэл, Энхтүвшин нарын хүмүүс Хятадад очиж, Тавантолгойгоо танайд өгье гэжээ.

Он сар хөөхөөр тэр үеийн Ерөнхий сайд нь Алтанхуяг болж таарлаа, гэрчтэй гэсэн үг. Бээжинд Тавантолгойгоо ганзагалаад сайн дураараа очсон нөхөд Хятадын тал 49, Монголын тал 51 хувийг хүртэхээр 2013 онд гарын үсэг зурцгаажээ. Тавантолгой ХК буюу Баялгийн сан бүрдүүлдэг компани хоосон үлдсэн аж. Тэгж байтал төмөр замын асуудал босч ирнэ биз дээ, нүүрсээ зөөхгүй бол нүүрээ яах билээ. Ингээд 49, 17, 17, 17 хувь гэдэг тохиролцоогоор Тавантолгойн лицензийг дөрөв хуваан эл асуудлыг шийдэхээр болж, 2014 оны 8 дугаар сарын 21-23-ны хооронд Элбэгдорж Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудтай гарын үсэг зурж, баримт бичиг үйлджээ. Тэгснээ өнөөх баримт бичгээ устгасан аж.

За ингээд Оюун-Эрдэнэ сая намар Шанхайд очих үедээ Хятадын Ерөнхий сайд болон “Чайна энержи”-гийн удирдлагуудаас мөнөөх Эбигийн устгасан баримт бичгийн Хятадад хадгалагдаж үлдсэн хувийг сураглаж, олоод иржээ. Учир нь түрүүчийн илгээсэн баримт, гэрээнээс болоод дараагийнх нь хийгдэхгүй байсан гэнэ. Ингээд уг баримт бичиг УИХ-ын гишүүдэд хүрч, Байнгын хороод бодит үнэнийг олж мэдсэн нь Гашуунсухайт, Ганцмод чиглэлийн төмөр замын холболтын асуудлыг парламентаар шийдэхэд түлхэц болсон гэж Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ярьлаа. Дээр нь Элбэгдорж Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээдүүдэд шүүх ерөөсөө үйлчилдэггүй, энэ удаа ч Элбэгдорж, Цагаан нарыг баривчлах тогтоолыг өнөө өглөөхөн хүчингүй болгосон талаар дурдлаа.

Ерөнхий шүүгч Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Элбэгдорж гэдэг эзэндээ үйлчилж, баривчлах тогтоолыг хүчингүй болгосон талаар овог нэртэй нь овоо дуугарлаа. Удахгүй болох жагсаалыг Ачит-Эхт компанийн Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Чингис болон түүний дүү Саруул нар санхүүжүүлж байгаа гэж Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Нэгэнт баривчлагдах аюулаас мултарсан Элбэгдорж, Цагаан нар тун удахгүй ирж, олон нийтийн толгойг эргүүлэхээр зэхэж, Үндсэн хуулийн цэцэд хандан Баялгийн сангийн 34 хувийг үгүй болгоно гэж нэр ус нь тодорхой, он сар өдөртэй нь, хэд хэдэн хүний албан тушаал, алдар нэрийг дурдаж байгаад Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань ярьчихдаг юм байна.

Баримт шүүж үзвэл Ерөнхий шүүгч Д.Ганзориг нь 2013 оны 4 сарын 12-ны өдөр Элбэгдоржийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогджээ. Дараа нь буюу 2019 онд Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн буюу өөрийнхөө ажилладаг байгууллагын 23 шүүгчийн саналаар Монгол Улсын Ерөнхий шүүгч болж, түүний энэ албан тушаалыг тухайн үеийн Ерөнхийлөгч Баттулга 2020 оны 6 сарын 02-ны өдөр батламжилжээ.

Тодруулж хэлбэл Д.Ганзориг Дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий шүүгч гэсэн албан тушаалд 2013-2024 онд буюу Эби, Женок хоёрын үеийг дамнан, одоо Хүкийг элээгээд, нийт 11 дэх жилдээ сууж байгаа хүн аж. За ингээд Ерөнхий сайд нь хэнийг юунд буруутгаж, түүнд нь хэн хэрхэн саад болж байгааг ил тод зарлачихлаа.

Нэр ус нь илэрхий, нэрмээс нөхөөс нь тодорхой, ярьсан эзэн нь Оюук. Одоо Элбэгдорж үүндээ тайлбар өгөх хэрэгтэй. Н. Алтанхуяг лав 2012.08.05-нд Ерөнхий сайдын албыг хүлээн авч, 2014.11.05-нд огцорч байсан. Араас нь Сайханбилэг гарч, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийг үзэглэсэн байдаг. Элбэгдорж Тавантолгойтой холбоотой баримт бичигт хятадуудтай гэрээ хийж байхад Алтанхуягийн суудал аль эрт ганхаж, байдал эвгүйдэн, түүний ахлах зөвлөх Л.Гансүх нүүрсний хэргээр шалгагдаад эхэлчихсэн, нягтлан Мөнгөнтуяагийн хэлсэн хэлмэгдүүлж байна гэсэн утгатай алдарт үг энэ хэргийн зарим сэжүүрийг задалдаг даа.

Үүнээс гадна Тавантолгойг авъя гэж Баттулга надаас гуйсан гэсэн С.Баярын ярилцлага бий. Үйлийн таван толгойн нэрс одоо л тодорхой болж, он цагаараа уралдаж байх шиг байна. Баяр, Баттулга, Элбэгдорж, Алтанхуяг, Оюун-Эрдэнэ тав мөн үү? 2009-2024 он гэсэн үг, 15 жилийн явдал. Тавуулаа бие биедээ Bible tea.

Ямартай ч 2012 оны Ерөнхий сайд Алтанхуяг гэдэг гэрчтэй, 2013 оны дээд шүүхийн Ганзориг гэдэг шүүгчийн нүүр үзсэн энэ хэргийн хоёр талд үнэн ба худлын дунд Оюун-Эрдэнэ, Элбэгдорж хоёр туналаа. Одоо энэ хоёр маань шуудхан үзэлцчихмээр байна, тэгээд тэр түрээсгүй тархины асуудалдаа цэг тавьж цэгцэрч авъя даааа! Оюук ярьсан, одоо Эби хариулах үлдлээ. Хэн хэн нь баримтаа дэлгэнэ үү дээ. Бид ч Цагаан сар энэ тэрдээ тархиа түрээслүүлмээр байх юм аааа.

Сэтгүүлч Р.Эмүжин