Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан “Дүүргийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс тэдэнтэй хамгийн ойр ажилладаг төрийн байгууллагуудыг үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй үзүүлэх ёстой гэж үзэн энэ талаар хамтран ажиллаж байна.

Манай дүүргийн хувь бусад дүүргүүдээс ЖДҮ болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид олон гэдгээрээ ялгардаг. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, 3, 4 дүгээр хороолол гээд төв зам дагуу үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны газрууд олонтой. Иймээс ЖДҮ эрхлэгч та бүхэн зөвлөгөөний үеэр хаяг, гудамж талбайн тохижилт, байршил гэх мэт дүүргийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл та бүхэнд тустай, дэмтэй байх талаар саналуудаа гаргаарай. Та бүхний гаргасан саналыг бид хэлэлцээд, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэсэн юм.