Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран өнөөдөр /2025.01.14/ “Архины шалтгаант эмгэгийн илрүүлэг ба тусламж, үйлчилгээний уялдаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж буй энэхүү сургалтад дүүргийн ЗДТГ-ын хэлтсүүд, 1-34 хорооны Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар, хороодын нийгмийн ажилтан болон цагдаагийн албан хаагчид танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.

Сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Анагаах ухааны доктор, профессор Н.Дэмидмаа болон бусад зочин багш нар удирдан явуулж байгаа бөгөөд энэ үеэр “Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгийн тархалт улс орнуудад харилцан адилгүй. Тухайлбал, өндөр орлоготой орнуудад тархалт 8,4 хувь, дундаас дээш орлоготой орнуудад 5,4 хувийн тархалттай байна.

Монгол Улсад СЭМҮТ-ийн 2016 оны судалгаагаар насанд хүрэгчдийн 6,2 хувь нь архинд донтох эмгэгтэй байсан бол 2024 онд Улаанбаатар хотын 5 хорооны иргэдийг хамруулсан илрүүлгээр 10-13 орчим хувьд нь архинд донтох эмгэг илэрсэн байна. Архинд донтох эмгэг нь эмийн эмчилгээ, танин мэдэхүйн, сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж, батжуулах эмчилгээ, зөвлөгөө, сургалтад тууштай хамрагдсанаар бүрэн эдгэрэлтэд хүрч, дахилтаас сэргийлэх боломжтой бөгөөд анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цагдаа, нийгмийн ажилтан, гэр бүлийн оролцоонд тулгуурласан цогц үйлчилгээ чухал” гэдгийг онцолсон юм.