Нийслэлд менингоккокт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн.
Тэгвэл менингоккокт халдвар гэж ямар өвчин байдаг вэ. Тус өвчин нь амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Өвчний эх уурхай нь өвчтэй болон хамар залгиурын үрэвсэлтэй, нян тээгч хүмүүс байдаг. Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн 5-10 хувь нь амьдралынхаа турш нян тээгч болж үлдэх магадлалтай байдаг.
Халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг. Халдвартай үе нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй нууц үед болон эмнэл зүйн шинж тэмдэг эхэлсний дараа буюу эмчилгээ эхэлснээс хойш 24 цагийн дотор идэвхгүй болж, хүнд халдвар тараах эрсдэл нь буурдаг байна. Бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насны хүүхэд илүү хүнд өвчлөх магадлалтай байдаг аж.
Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.Урьдчилан сэргийлэлтийн хувьд, олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гарын бохирдлыг ариутгах, бага насны хүүхдийг дулаан хувцаслах, малгай, ороолт, бээлийг зайлшгүй хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнчлэн биеийн дархлааг сайжруулах нь урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ
-Өндөр халуурах
-Бөөлжих
-Толгой өвдөх
-Нойрмоглох
-Цусархаг тууралт гарах
-Гэрэлд цочимтгой болох
-Дагз хөших
-Таталт өгөх