Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн (2025.01.16) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 100 хувь байна.

Иргэдээс ирж буй өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллана

Шуурхай хуралдаанаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ыг батлах тухай” 96 дугаар тогтоол, Алсын хараа-2050, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах” 165 дугаар тогтоолын хүрээнд албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээллийг нийт удирдах ажилтнуудад өглөө. Мөн дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчид цаг ашиглалтаа сайжруулах, иргэдээс ирж буй өргөдөл гомдлын шийдвэрлэлт, цаашид  хэрхэн яаж анхаарч ажиллах талаар нэгдсэн мэдээллийг өглөө.

Түүхий нүүрс хэрэглэсэн болон угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд нийслэл даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Дүүргийн Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын эхний 15 хоногт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Оюунболд мэдээлэл өгөв. Дүүргийн шуурхай штабын дуудлага мэдээлэл хүлээн авах 70126891 утас 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил болон угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй гэдгийг онцоллоо. ДОК-ын Штабын удирдах бүрэлдэхүүн 11, жижүүрийн бүрэлдэхүүн 86 албан хаагчтай ажиллаж байна.

Хүний хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэлтэс байгууллагууд хамтарч ажиллана

Мөн өнөөдрийн Шуурхай хурлаар “Баянгол дүүргийн хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ, “Соёл Урлаг, Ёслол хүндэтгэлийн ордон” ОНӨТҮГ, Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хороо, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-ын энэ оны эхний нэгдүгээр сард хийж хэрэгжүүлж байгаа ажил болон хийх ажлын талаарх төлөвлөгөөг сонслоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нийгмийн салбарт хүний хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дүүргийн харьяа хэлтэс байгууллагууд  2024 оны үйл ажиллагааны нэгдсэн тайланг танилцуулах, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ болон дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулахыг үүрэг болголоо.

Шуурхай хуралдааны үеэр Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, нийт албан хаагчдад , авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтууд зохион байгуулах, шинэ оны эхнээс хот нийтийн аж ахуйн ажилд анхаарал хандуулж ажиллах, мөн орон сууцны хорооллуудын цахилгаан шатны үзлэг шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн Нийслэлийн Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг 14 хоногийн хугацаатай өглөө.  Үүнд,

  • Дүүргийн Хөрөнгө оруулалтын ажлын даалгавар боловсруулж, бэлтгэл ажлыг ханган худалдан авах ажиллагааг зарлах,
  • 2025 оны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллого бүртгэлийн зохион байгуулж мэдээллийг  ирүүлэх,
  • Гэрэлтүүлгийн дүүргийн ашиглагч байгууллага арчлалтыг нь хариуцдаггүй нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг тооллого хийж холбогдох хэлтэст ирүүлэх,
  • Дүүргийн 2025 оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах,
  • 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон сууц, түүний өргөтгөлд  “18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэж заасан тул хууль тогтоомжийн биелэлтийг хангаж 18 ба түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар нийтэд үйлчлэхгүй байхад тогтмол хяналт тавьж ажиллах,
  • Орон сууц, түүний өргөтгөлд үйл ажиллагаа явуулж буй үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (ресторан, баар/спорт, баар/паб, лоунж, караоке, диско болон тайчих клуб) аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшигчдэд хууль тогтоомжийг танилцуулж ажиллах,
  • Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, үйлдвэр, мөнгөн зээл, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг 2025.01.24-ний өдрийн дотор шинэчилж холбогдох хэлтэст ирүүлэх
  • Нийслэлийн хэмжээнд 01.06-01.22-ны өдрийг дуустал явагдах цэргийн бүртгэлийн  ирц, явцын байдалд анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгов.