“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг УИХаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулсан.

2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр тэрбум төгрөгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав.

Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000  төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв.

Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав.

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Л.Соронзонболд гишүүн онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.