Д.Амарбаясгалангийн ангид хорхой идсэн 3 шүд байгаагаас нэгийг нь зайлшгүй авахаас аргагүй болсон.

126 гишүүнтэй УИХ-д анх удаа сонгогдсон Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэрэгт буруутай нь тогтоогдож шүүхээс ял сонссон. 2016-2020 онуудад Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа Мон дулаан, Газ импорт, Бэрэн компаниудад зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон, зээл олгох зарим асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч Хөгжлийн банкинд хохирол учруулсан гэм буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023.07 сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг.

Харин 2024.03 дугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Цогтбаатарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны хүрээнд дахин дүгнүүлэхээр шийдвэрлэсэнээр УИХ-ын сонгуульд нэр дэвших сиймхий гарч, улмаар халдашгүй дархан эрхтэй төрийн түшээ болон тангараг өргөчихөөд байгаа.

Гэтэл оны өмнөхөн Дээд шүүх хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж орхив. Тэр өрөөгөө суллаж, сонгогчдодоо дараагийн хүнээ сонгох эрхийг нь өгөх ёстой ч Дээд шүүхийн шийдвэр албажиж иртэл УИХ-ын гишүүнээс түдгэлзэхгүй хэмээн гэдийж.

Шүүхийн шийдвэр гарсан даруйд хэрэгжиж, ачихыг нь ачиж, хураахыг нь хураадаг боловч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тухайд бүрэн эрх нь хэвээр байна… Тэр, хуульд 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг албажуулна, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгаж болно гэж заасан байдгийг өөртөө зориулан ашиглаж буй нь энэ бололтой. Уг нь Шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс хэрэгжүүлнэ гэж зааснаас албажиж ирсэн өдрөөс хэрэгжүүлнэ гэж заагаагүй байдгийг мөн санах хэрэгтэй байх.

Ямартай ч Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн парламент шүүхийн шийдвэр албажиж ирэхийг хүлээж байна.

Үндсэн хуулийн 29-3-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан байдаг. Мөн УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэсэн заалттай. Тэгэхээр тэр ямар ч хаацайлалгүйгээр дархан эрхээсээ түдгэлзэх учиртай юм. Д.Цогтбаатараас бусад бүх хүнд Шүүхийн шийдвэр гарсан даруйгаасаа үйлчилж ирсэн бол түүнд үйлчилдэггүй бололтой, тэр хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, хууль батлах санал хураалтад оролцсоор явна. Тэрбайтугай Засгийн газраас түүнийг авч үлдэх сонирхлоо намынхандаа дайж, арга барахдаа Ерөнхий сайдын зүгээс шүүгч нарыг  солинон, солихгүй бол үгэнд орохгүй байна гэхчлэн бухимдахад хүрсэн хэмээн эх сурвалжуууд хэлж байна.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатарыг Х.Баттулгын захиалгаар парламентад нь үлдээхээр Засгийн газраас идэвхийлэн ажиллаж байгаа гэлцэх хэсэг бүлэг ч байна.

Харин У.Хүрэлсүх эсрэг байгаа. Д.Цогтбаатарыг эгүүлэн татсанаар Архангай, Өвөрхангай, Баянхонгорын тойрогт нөхөн сонгууль явагдана. Г.Занданшатарыг дахин сойх бэлтгэл хэдийнэ эхэлсэн гэлцэхийн зэрэгцээ Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын нэр ч давхар яригдаж байна.

Гэхдээ Г.Сайнбаяраас илүүтэй Г.Занданшатарыг дараагийн УИХ-ын даргаар нэрлэж, бүх цаг үеийн туршид хамгийн сайн спикер байсан гэх мессеж нэлээдгүй үзэгдэх болсныг бүгд анзаараа биз.

Эгүүлэн татагдахаар болсон Д.Цогтбаатараас Г.Занданшатар ганц хувийн доогуур санал авсан. Д.Цогтбаатар 55.935 хүний санал буюу 43.8 хувиар парламентад сонгогдсон бол Г.Занданшатар 53.649 хүн буюу 42 хувийн саналтай байгаа. Хэдий тийм ч Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн дэргэд үлдээгээд Б.Даваадалайг Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр зүтгүүлэх хувилбар ч яригдаж байна. Б.Даваадалайгийн төрсөн ах АН-ын сонгуулийн камбанит ажлыг хариуцдаг тул нөхөн сонгуулийг МАН-д эргүүлэх ашигт хувилбар гэх ухуулга Төрийн тэргүүний чихэнд хүрсэн дуулдаж байгаа. Түүнгийг зүтгүүлэх нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын нам дамнасан бүлэглэл гэгдэх бүлэглэлээс нэг шүд сугалах энгүүн боломж буйг энд дурьдах нь зүй байх.

АН-аас А.Адьяасүрэнг нэрлэж байгаа ч Х.Баттулгын фракц гэх тодотголоор төдийлөн дэмжихгүй байгаа бололтой. Тэрбээр 53.485 хүн буюу 41.9 хувийн саналаар ялагдсан нэгэн.

Тэдний завсраар Үндэсний эвслээс Н.Номтойбаярын өмгөөлөгч хуульч Д.Одонтунгалагийг зүтгүүлэх мэдээлэл мөн тэнүүчилж явна.

Д.Цогтбаарын суудал ийнхүү бужигнаантай байгаа бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа ч дараагийн шорилогчдыг гозогнуулахад хүргээд байна.

Тэр Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэхдээ тулаад байгаа. Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-д 22.7 сая ам.доллар хүртэлх зээл олгохыг дэмжсэн санал өгснөөр 2014.02.11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гарсан байдаг. Улмаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн хэргээр яллагдагчаар татагдсан ч анхан шатны шүүхээс ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзсэнээр хэргийг дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа юм.

Б.Найдалаа намын нэрийн жагсаалтаар парламентын босго давсан тул нөхөн сонгууль явагдахгүй. Түүнийг эгүүлэн татах нөхцөлд жагсаалтын 7-д эрэмбэлэгдсэн Д.Гантулга тангараг өргөнө. Тэрбээр өдгөө Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа.

Улсын Дээд шүүхийн шүүхээс Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгочихсон нь Д.Амарбаясгалангийн “ангийн” гурав дахь хорхойтсон шүд болж байна. Түүний тэргүүлж байсан танхим, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говийн зам ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, Бэрэн ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэрэгт буруутгаж байгаад хэрэгсэхгүй болгосон ч Дээд шүүхээс уг шийдвэрийг ийнхүү хэрэгсэхгүй болголоо.

Тэгэхээр түүнийг буруутай гэж үзвэл Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг суудал суларна гэсэн үг.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэх тул энд түр орхиё.