Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -16…-21 градус, Алтайн өвөр говиор -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Өнөөдөр /02.05/ нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. ИЙМД:
❗️Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
❗️Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
❗️Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.