Сар шинийн баяртай холбогдуулан цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа “Сар шинийн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн үүнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллага мөн ажиллаад эхэлсэн гэдгийг та бүхэнд хэлье.
Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна. Мөн шинийн 2-ны өглөө нар харах нийт 250 орчим өндөрлөг цэг бий. Энэ бүгдэд хүрч ажиллахаар бэлтгэлээ хангасан. Түүнчлэн улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 780 албан хаагч ажиллахаас Улаанбаатар хотод 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ үндсэн хуваарьт томилгоотой алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр ажиллаж, иргэд олон нийтийн аюулгүй байдлын хангана” гэв.
Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун “Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Ингэснээр баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэлээ.