АН-ын 4/11 мэдээллийн цагаар Тэргүүн дэд дарга С.Баярцогт дэд дарга нарын чиг үүргийг танилцууллаа мөн АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа тэргүүтэй удирдлагууд АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд С.Баярцогт “АН энэ сарын 20-оос ирэх арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд бүсчилсэн чуулганыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Манай намын Даргын зөвлөл сүүдрийн засгийн газрын бүтцээр ажиллаж эхэлж байна.
АН бодлогын түвшинд эмэгтэйчүүдээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд нийт удирдлагын 36%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Мөн жендерийн асуудлыг бодлогын түвшинд онцгой анхааран ажиллана. Цаашид нам доторх үйл ажиллагааг шилэн ил тод байлгах үүднээс энэ сарын 23-ны өдөр 18:30 цагаас Ntv телевизээр нийт нэр дэвшигч эмэгтэйчүүдийнхээ дунд шууд мэтгэлцээнийг зохион байгуулна” гэсэн юм.
Мөн тэрбээр”Эрх мэдлийн хонгилоор гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөн шийдэгдэж байна” гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан нь бодитой үнэн зүйл. Энэ бүгд ил тод болно. Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод энэ асуудал хилс хэрэг байсан нь шийдэгдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй Монгол, Швейцар, Хонконг, Австрали зэрэг улсуудад шалгалтад ороод гарсан.Үндсэн хуулийн цэц, Сахилгын хороо, Авлигатай тэмцэх газар зэрэг бүх шатандаа шалгагдсан. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Манай хуучин ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулалттайгаар хийдэг. Яг манай намын үйл ажиллагаа идэвхжих үеэр л дайралтуудыг хийдэг. Хэн яаж бичиж түгээж байгааг нь харж байгаа байх.

Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгч байх үүднээс олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэнэ.

Учир нь С.Баярцогт гэдэг хувь хүний асуудал биш Ардчилсан намын тэргүүн дэд дарга учраас намтай шууд холбогдоно” гэлээ.

УИХ-ын дэд дарга, АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа “АН-ыг нийгэм шүүмжилдэг залуу үеэ дэмждэггүй, манлайлал бий болгох боломж олгодоггүй гэдэг. Тиймээс бид энэ сонгуульд шинэ залуу үеэс маань гарч ирээсэй гэж хүсч байна. 2024 он тун хариуцлагатай сонгуулийн жил учир идэвхтэй манлайллыг бий болгож ажиллах шаардлага тулгарч байна.

Мөн УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид квотоор орох, хамгийн бага зардлаар оролцох гэх мэтчилэн зүйл заалтууд орж ирсэн. Тиймээс бид энэ боломжийг залуучууддаа олгох ёстой. Шинэ ерөнхийлөгч сонгуульд өөрийн багаа бүрдүүлж ажиллана гэдэгт итгэж байна.
Ардчилал, хүний эрх, бизнесийн эрх чөлөө хэр түвшинд байх юм гэдгийг АЭХ-ны манлайлал хүлээж байна. Өнөөдөр ядууралд хамгийн ихээр эмэгтэйчүүд өртөж байна” гэлээ.
АН”-ын Гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаа “Гадны донор байгууллагуудаас 2000-аад оныг хүртэл монголын ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Гэвч Монгол Улса өдгөө ОУ-ын байгууллагуудын судалгаагаар гажуудсан ардчилал /defected democracy/ бүхий ангилалд багтах болсон. Хамгийн гол ардчиллын суурь үзүүлэлт нь сонгууль байдаг бөгөөд сонгууль чөлөөт, шударга зарчмаар явж байна уу гэдгийг харах болсон.
Бид өнөөдөр ардчиллын бүхий л индексээр ухарч байна. Үүнийг сайжруулахад ОУ-ын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэлэх болно. Ардчиллаас ухрах үйл явц хажууд хаалга тогшоод зогсож байна. Онцгойлон Монгол дахь Европын холбооны элчин сайдын яамдуудтай уулзалтуудыг хийх болно. Арчдилсан нам өөрөө Англи хэлийг Монгол Улсын албан ёсны 2 дахь хэл байх ёстой гэж үздэг. Иргэд, залууст улс төрийн боловсролыг бий болгох чиглэлээр судалгаанд суурилж ажиллах болно” гэв.