Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын мэдээллээр үргэлжилсэн.
Тэрбээр мэдээлэлдээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, ургац хураалтын явц, махны экспортын нөхцөл байдал болон мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа бөгөөд мал, мах бэлтгэлийн хүрээнд 10.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөжээ. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн дүн гарсан. Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц бүс нутгийн бэлчээрийн даацаар 717.4 мянган толгой хонь өвөлжүүлэх боломжтой бөгөөд оторчдын хүсэлтийг (otorchin.gov.mn) цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 12.1 мянган тонн байгалийн хадлан, 4.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэж байна. Байгалийн хадлангийн бэлтгэл 57, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Малчин өрхийн түвшинд 990.7 мянган тонн байгалийн хадлан, 9.0 мянган тонн сүрэл, 22.2 мянган тонн ногоон тэжээл, 71.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 4.0 мянган тонн гар тэжээл, 19.0 мянган тонн дарш, хужир шүү бэлтгээд байна. Энэ нь тэжээлийн нэгжид шилжүүлснээр 533.9 мянган тонн болж байна. Мөн энэ оны ургацын төлөвөөс 201.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч, 103.2 мянган тонн улаанбуудайг малын тэжээл рүү шилжүүлж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ хэмээн мэдээлэлдээ дурдсан байлаа.
Харин улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Ургац хураалт 2026.10.19-ний өдрийн байдлаар 303 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 169.1 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байгаа аж.

2026.10.19-ний өдрийн байдлаар Монгол Улсаас нийт 36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн (түүхий ястай маханд шилжүүлснээр 48.3 мянган тонн)-ийг 139.7 сая ам.доллароор экспортолсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 22.6 хувиар, мөнгөн дүн 29.5 хувиар тус тус буурсан байгааг мэдээлэлд дурдсан байлаа.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая толгой малыг урьдчилан сэргийлэхээр өвчний гаралт тархалтад тулгуурлан төлөвлөж, 15.5 сая толгой мал хамруулж 90.0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байгааг Ц.Идэрбат сайд мэдээлэлдээ онцлов. Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулаад байна.
Төв, говийн бүсийн найман аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотголыг хүлээж байна. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 41.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 9.7 сая толгойг 68.0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгааг мэдээлэлд дурджээ.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Г.Ганбаатар, Ц.Туваан. М.Ганхүлэг, М.Мандхай нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Засгийн газрын 262 дугаар тогтоолоор Шивээ хүрэн боомтоор ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн гаргахыг хориглосон шалтгаан, үхэр, хонины арьс ширийг баялаг болгохын тулд салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар лавлав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар боомтоор нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хуучин хэвээр шийдвэрлэх асуудлыг оруулж байгаа гэлээ. Мөн үхрийн арьсны чанар сайжирч улмаар 100 арьснаас 30 нь тэнцэж, бусад нь хаягддаг байсан бол одоо 93 арьс нь тэнцдэг болсон тул үүнд тулгуурлаад хүйтний улиралд Монгол Улсын нутаг дэвсгэрт үхрийн арьс хаяхгүй байх ямар боломж байгаа талаар дараагийн төлөвлөгөөгөө гарган хэрэгжүүлж ажиллана. Харин хонины нэхийний тухайд хүндрэлтэй байдал хэвээр байгаа хэдий ч салбарын яам малын гаралтай түүхий эдээ хаяхгүй, баялаг болгох чиглэлийг баримтлан ажиллаж байна хэмээн хариулж байлаа.

Түүнчлэн гишүүд энэ жилийн ургацын бланс өндөр байгаа тул дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс гадна, тариаланчдын хураасан үлдсэн улаанбуудайг хэрхэн шийдвэрлэх, баруун бүсэд дэгдсэн малын халдвар өвчин махны экспортын бууралтад нөлөөлсөн эсэхийг тодруулж байлаа.
Салбарын сайд Ц.Идэрбат, Газар тариалангийн салбарыг улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангахад чиглүүлж хөгжүүлэх нь учир дутагдалтай байгаа нь харагдсан. Иймд Зүүн өмнөд азид газар тариалангийн салбарын экспортын үүд хаалгыг нээх асуудалд бид Гадаад харилцааны яамтай хамтарч, ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ жил ургацын бланс өндөр гарсан тул гаднаас тэжээлийн будаа авах асуудлыг зогсоосон. Цаг үе нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор улаан буудайн хүнсний хэрэглээнээс гадна үлдэж байгаа будаагаараа хивэг, тэжээл үйлдвэрлэх чиглэлийг барьж, тариаланчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй хэмээв. Харин махны экспорт буурсан нь Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой гэлээ.

