Сэлэнгэ аймаг, Мандал сум 1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2025.06.19-ний өдрийн 18:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.22-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймаг, Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригад, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 2025.06.22-ны өдрийн 11:32 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Э.Мөнхбаатараар ахлуулсан алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 40 хүн, 9 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар ойн гал түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын ГХУХ-ын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Шаамар сумын Мэргэжлийн анги, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 78 хүн, 12 автомашин, 1 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар “Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад түймрийн цэг илэрсэн. Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийнхан, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
