Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллах үеэрээ “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх оны төсөвт тусгана. Тэр дундаа онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарна” гэлээ.

Мөн эдийн засаг хүнд байгаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр боллоо.

Тэрбээр мөн үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж байгаа та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье хэмээн онцлон тэмдэглэсэн юм.