МАН бүх цаг үеийнхээ туршид Я.Содбаатар шиг сул дорой генсектэй байж үзээгүй байх. Намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж чадахгүй, эсвэл Удирдах зөвлөлийг хуралдуулахгүйгээр Бага хурлыг товлодог боломжийг ч ашиглаж чадахгүй арга ядан яваа түүнээс намынхан нь залхаж, халаглаж байна.

Хоёр эзний ганц боол, тэлээ хурга хэмжээн зүхэж Бодь группээс МАН-д тавигдсан БЭТ ч гэлцэж буйг хэлэх нь зүй байх.

Тус намынхан Д.Амарбаясгалан руу ч чулуу нүүлгэхэд бэлэн байна. Нам дамнасан бүлэглэлээс тамгаа салгаж цэвэрших үйл явцыг генсектэй хамтран эхлүүлэхийн оронд  “Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудаарх дугуйн аялалд оролцон “Та минь яасан удаж ирэв” гэдэг бүсгүйн лообийд автан алга болсон нь дугуйн аялалд оролцсон гэхээсээ хэн нэгнээс зугтаж нуугдсан сул улстөрчийн явдал гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Намын дотоодод update хийгдэж, нам улс төрийн малгай дор хоргодож, хор шахсан бүлэглэлүүдийн авгайлдайнуудаас салж удирдлагаа цэвэрлэх, эвгүйтвэл өөрөө ч Спикерийн суудалдаа үлдэх эсэх тодорхойгүй энэ намрын улстөрөөс биеэ оторлон “зугтаасан” нь хашир улстөрчдийн хараанаас тийм амар мултрахгүй л дээ.

Түүнийг баруун аймаг зорихоосоо өмнө Төрийн тэргүүнтэй уулзаад гарсан  гэх шуум улстөрчдийн дунд хэдийнэ тархаж. Үүнээс өмнө Л.Оюун-Эрдэнийн талаас намын даргад нэр дэвших, өөрсдийнх нь бүлэглэлд нэгдэж ажиллах санал тавьсан боловч Д.Амарбаясгалан татгалзсан тул 15 давхрынхан нүүрстэй холбоотой асуудлыг ил гаргаж УИХ-ын даргаас, цаашлаад гишүүнээс нь түдгэлзүүлэх хүртэл акц эхлүүлэх сүрдүүлэг шидсэн мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Үүний дараахан У.Хүрэлсүхийн зүгээс ч Д.Амарбаясгалан гэх хувилбарыг илүүд үзсэн дуулдаж байна. Үгүйсгэх аргагүй. Д.Амарбаясгалан л А.Амундра, Б.Баатар тэргүүтэнд татагдан журмын нөхдөөсөө жаал жуул холдсоноос хэвлэлийн алба удирдаж, Нам нэрээ солих үед, Намбарын Энхбаярыг цаст уулнаас буулгаж ирэхэд ч хамтдаа байж л байсан. Тэрбайтугай Л.Оюун-Эрдэнийг хэн байснаа марттал сагах эцсийн мөч хүртэл хамтдаа замыг нь нээж явсан байх. Тэдний гаргасан алдаа нь ч адилхан. Тэдний хэн хэн нь Л.Оюун-Эрдэнийг намынхаа анхан шатны нэгжээс өгссөн намын бүтээгдэхүүн, улстөрч гэж харснаас бус үзэл баримтлал чиг шугамгүй, улстөр гэх шатрын хөлөг дээр продакшны зүгээс үсрээд гараад ирсэн, бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг жижигхэн дүр гэж хараагүй. Мэдлэггүй, эдийн засаг олон улсын харилцааг огтоос ойлгодоггүй явцуу эрх ашигт бүлэглэл хол явдаггүй аж. Тиймээс бүтээсэн, зүтгүүлсэн дүр нь муур нохойн насжилтад ч хүрэлгүй унаж, цэнэг нь дуусав. Гэсэн ч, могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтайг харуулж нам намын толгой руу асч, зүтгэсээр байна.

Д.Амарбаясгалангийн тухайд хэргээ гарахаар нөхөрлөөд, хэрэгцээгээ дуусахаар түлхчихээд босдог бүлэглэлийг дагаснаас намын дотоод дахь бүлэг фракциа түших нь өлзийтэйг ухаарвал ухаарах цаг болсон. Түүний хэрэгцээ дуусах өдөр карьер нь ч хамт дуусна. Тиймээс ураг ядрахаар төрлөө, тураг ядрахаар уулаа барааддагийг санах нь зүй биз. Ер нь чонотой нийлсэн жингэр хамгийн аюултай байгалийн хууль улстөрд ч адил үйлчилдгийг туршлага нимгэн улстөрчид ширээнийхээ ард бичээд өлгөчихөд гэмгүй. Эрх мэдэл, сандал суудал, өчүүхэн эрх чөлөөний төлөө нам дамнасан бүлэглэлд нэг ч удаа ЗА гэхэд эргээд гарах нүх сүв бүгд хаагддаг нь жам. Ийм бүлэглэл ураг удмаа засахаас ургийн бус нэгнийг үр минь гэж түй ч хялайхгүй бөө утгадтай эгээ адил… Ийм бүлэглэлд санаатай санамсаргүй хөл тавьсан хэн боловч эцсийн удаа эргээд гарах сүүлчийн боломж нь энэ намар юм.

Сүүлийн өдрүүдэд М.Энхболд УИХ-ын дарга байхдаа МАН-ын дарга болж байсан үеийг спикерийн ойр сувгуудас цахимд цацаж буй нь санаандгүй хэрэг биш байх. Тэр чонотой нийлсэн нөхрөөсөө холдох сүүлчийн зам дээрээ зогсч буй нь энэ биз.

Спикерийн амбиц босоход нүүрсний хэргээс гадна ногоон автобусны дуулиан дагаж босох ч гэлээ нэгэнт нэр цэвэр, гар цэвэр хүнийг олоод ирье гээд олдохгүй болтлоо заваарснаас хойш яалтай билээ. ТӨРөөс түрүүлээд нам бүлэглэлүүдээ цэвэрлэх, update хийх түүхэн цаг ирснийг улстөр сонирхогч хэн бүхэн ойлгон харж байна. Нэг хором алгуурлахад л 2050 он хүртэл бүлэглэл ноёрхож, продакшны сейфэнд намуудын тамга хэвтэж байна гэхэд ташаарсан болохгүй. Тиймээс одоо биш бол хэзээ ч биш. 15 давхрын зүгээс эцсийн муу хөзөрт Ц.Нямдоржийг намын даргад зүтгүүлэх хувилбарыг ч зурсан гэдгийг эх сурвалжаас өгч байна. Л.Оюун-Эрдэнийн дэргэд зургаан жил “зөвлөж”, У.Хүрэлсүхийн түшиж тулах бүх кадрыг элчин консул нэрээр цөөлөн улстөрөөс холдуулсан гэх цочир шуумын эзэн энэ эр Д.Амарбаясгаланг дэвшүүлэн зайлуулах сонгодог хувилбарыг, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх этгээдүүдийг суллах санааг ч гаргасан гэлцдэг. Түүнд намын даргыг өгчихвөл МАН жинхэнэ утгаараа тарж, Тусгаар тогтнолын ордны дээр МоАХ-ын туг намирах өдөр ойртож мэдэх л юм. Байг гэхэд хожмын нэг өдөр хүүгээ генсек болгох замыг засч тэгшлэх алсын санаа халаасанд нь яваа гэчихэд хол зөрөхгүй байх. Тэр үүний төлөө нам дамнасан бүлэглэлийг ч дагаж таарна.

Ерөнхийлөгчийн зүгээс Д.Амарбаясгаланг илүүд үзсэн хувилбарын талаар сонссон Г.Занданшатар хуйсагнаж шударга ёсны тэмцэл өрнүүлнэ хэмээн өөрийнхөө хэмжээнд хөөрхөн бойкот эхлүүллээ гэж улстөрийн хүрээнийхэн өхөөрдөж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-д ажиллаж Д.Амарбаясгалангаас гадна Бодь группийг ч шантаажлах цэг олсон юм байлгүй хэмээн хүний өөрийн намынхан тамхиныхаа утаагаар тоглонгоо хэлж буй нь түүнийг хэр жижигхэн нүүдэлтэй улстөрч вэ гэдгийг харуулсан хэрэг биз. Үнэндээ Г.Занданшатар манлайлагч, лидер биш тул түүний мэдэгдэл тэгтэл сүртэй сонсогдохгүй, харин эцэгтээ загнуулсандаа урвайж унжиганасан нусгай шиг харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Тэр Мэдээлэл, судалгааны төвийг ахлахад л хангалттай зохих байтал Ерөнхий сайд болтол өргөгдсөн хувь тавилантаа талархах хэрэгтэй. Хэзээнээсээ зоримог шийдвэргүй, бөөрөнхий, тэрийг ч энийг ч гомдоочихвий гэсэн өр нимгэн зан нь түүнийг намын дарга болох боломжгүйг хангалттай хэлээд өгнө. Тиймээс намын дарга болно гэх мөрөөдлөө эртхэн орхивол цаг ч, мөнгө ч хэмнэх нь үнэн. Г.Занданшатар даргатай, Я.Содбаатар генсектэй намыг адгийн жижиг бүлэглэл ч зажлахгүй залгиад дүлэлгүй баажих биз.

Намын дарга болно гэж сагаж байж байнд ч банзанд ч үгүй болоод хотын даргаас мултарч ферм дээрээ очихоос өөр хувилбаргүй болчихвий хэмээн эргэлзэж суугаа Х.Нямбаатарт ч Г.Занданшатарт зөөлөн зууш харагдаж, намынхнаа хайрцаглаж эхэлнэ. Эргэлзээ үгүй.

Өөрийн өчүүхэн нэр төрийн төлөө танхимаа, Засгийн газраа унагасан Л.Оюун-Эрдэнээс намын даргын тамгыг хураагаад Удирдах зөвлөл, Бага хурал, Их Хурлаа хуралдуулчихаж чадахгүй бэлцэгнэж суугаа Я.Содбаатар ч сүүлийн хоромд нам дамнасан бүлэглэлд мандатаа өргөнө гэчихэд эндүүрэл болохгүй байх. Нам дотооддоо update хийж чадвал тэр эсгий хийх газарт нохрой хэрэггүй гээчийн үлгэрийг сануулаад хэн ч биш болох нь үнэн. 100 жилийн зангарагтай энэ том хүчин алдаа мадагаар дүүрэн нөхрөөс удирдлагын эрхээ авч чадахгүй дүлэгнэж, дэлхийн шившиг болж буйд генсекийн оруулж байгаа хувь нэмэр хангалттай, бүр дэндүү их…