Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баяндун суманд өчигдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. Нөөлөг салхины улмаас урьдчилсан байдлаар дээрх сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комис, мэргэжлийн ангийнхан ажиллаж байгааг мэдээллээ.
Түр зуурын хүчтэй нөөлөг салхи, ширүүн борооны улмаас Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын иргэд, малчид их хохирлыг амссан талаар Засаг даргын Тамгын газраас нь мэдээллээд байна.
Байгалийн үзэгдлийн улмаас тус сумдад сургуулийн дээвэр нурж, байшин барилгын цонх хагарч, олон айлын гэр нурж, нийт 4 иргэн бэртсэн тул аймгийн Онцгой комиссоос аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан шуурхай бүлгийг томилж, газар дээр ажиллах, хохирол тогтоохоор Цагаан-Овоо сум руу хөдөллөө.
Бэртсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, яаралтай анхны тусламж үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд БОЭТ-рүү тээвэрлэх аж.
Мөн Цагаан-Овоо суманд Боловсролын газраас хүүхэд хамгаалал, хөрөнгө оруулалт, боловсролын улсын байцаагч бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллахаар хөдөлжээ.