Чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Эдийн засгийн байнгын хороо 2025.11.05-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн М.Мандхай танилцуулсан.
Төсөл санаачлагч нь Тавантолгойн бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх, Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар УИХ-лын хяналт, шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг баримтлан тогтоолын төслийн сэдэв, хүрээ хязгаар Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэдгийг гишүүн М.Мандхай санал, дүгнэлтдээ дурдав.
Ингээд ажлын цаг дууссан тул тогтоолын төслийн талаарх гишүүдийн асуулт, хариулт, саналыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
