Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025.10.26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026.01.01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын ажилтны үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болжээ.