Боловсролын яам нь нэг тэрбум төгрөгийн үнэтэй сандал, ширээ худалдан авч байхад сургууль, цэцэрлэгүүд нь сандал ширээгүй байгаа талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар  Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа “Улсын хэмжээнд 17 сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга байгууламж ашиглалтад орж, есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд нийт 177 барилга байгууламжийн төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд нийт 72 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон 17 барилга байгууламжийн ес нь буюу таван сургууль, дөрвөн цэцэрлэг нийслэлд байршилтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн.

Тоног төхөөрөмжийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хийж буй төсөл арга хэмжээний хүрээнд хэдэн сургууль, цэцэрлэг энэ онд ашиглалтад орохыг тооцоолж, төсвөө гаргадаг. Ингэхдээ Төсвийн тухай хуулийн дагуу анхан шатны нэгж буюу сум, дүүргээс эхлэн төлөвлөж, Боловсролын яам дээрээ салбарынхаа төсвийг нэгтгэдэг. Төсвийн төлөвлөлтийг бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, ажилладаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд энэ онд 72 сургууль, цэцэрлэг ашиглалт орно гэдэг тоон дээрээ үндэслэн тоног төхөөрөмжийнхөө тооцооллыг гаргаж, худалдан авалтаа зохион байгуулдаг.

Харин нийслэлийн зүгээс яриад байгаа сандал, ширээгүй сургууль цэцэрлэгийн хувьд, нийслэлийн хэмжээнд нийт 139 барилга байгууламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүний 71 нь улсын төсвөөр, 44 нийслэлийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвөөр хэрэгжиж байна. Нийслэлийн болон дүүргийн төсвөөр хэрэгжиж байгаа эдгээр барилгын хяналтыг нийслэл өөрөө бүрэн хариуцаж явдаг. Хэзээ эдгээр барилга ашиглалтад орох вэ гэдгийг нийслэлээс хариуцаж, тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Боловсролын сайдын багцын хүрээнд зөвхөн улсын төсвөөр хэрэгжиж буй арга хэмжээг хариуцаж, хяналтаа тавина. Нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд Төсвийн тухай хуулиараа санал ирүүлэхдээ голчлон барилга байгууламжийн санал ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжтэй холбоотой нэг ч санал ирүүлээгүй. Төсвийн тухай хуулиар дүүргүүд саналаа гаргаж, нийслэл дээр нэгтгэн салбар яаманд ирүүлэх ёстой байдаг. Яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах үүргийг бүрэн хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр нийт 32.4 тэрбум төгрөг 2024.11.15-ны өдөр батлагдсан төсвөөр тусгасан. Энэ төсөв ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрын хэрэгцээтэй тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.

Төсвийн тухай хууль болон Тендерийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа зохион байгуулсан боловч харамсалтай нь ширээ сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийн тендер Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа тавдугаар сарын 31-ний өдөртөө багтаагүй гэдэг шалтгаанаар амжилтгүй болсон.

Гэхдээ бид есдүгээр сарын 1-н гэхэд шинээр ашиглалтад орсон 17 сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн тендерийн асуудлыг УИХ-д хүргүүлж, долдугаар сард батлагдсан төсвийн тодотголоор төсвөө батлуулж, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж байна. Ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрээсээ худалдан авах Засгийн газрын тогтоол батлагдсан байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрээс худалдан авахдаа бид цахим дэлгүүр буюу ерөнхий гэрээний аргаар худалдан авах арга хэмжээгээ давхар зохион байгуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ширээ сандал, багшийн бичиг хэргийн шүүгээ, цэцэрлэгийн ширээ сандлыг цахим дэлгүүрт байршуулж, илүү хурдан худалдан авах боломжийг бүрдүүлсэн” гэлээ.