“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.
Хуралдааныг гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ УИХ-ын 2023.06.30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх эмийн үнийг буулгаж зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг нь тодруулж байлаа.
Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, гишүүн Ж.Чинбүрэн хариултдаа, Эмч хүний хувьд эм бол эмчийн гол зэвсэг байдгийг онцлоод өөрт нь хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр, “3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай байна” гэсэн юм.
Ингээд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тул Түр хорооны даргыг сонгох тогтоолын төслийг батлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.