Чуулганы хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын хэмжээнд 48 цагаас эхлэн 20-30 жил эрэн сурваалжлагдаж байгаа 20 шахам хүүхэд байна. Монгол даяар эмгэнэл түгшүүр төрүүлж байгаа гэмт үйлдлүүдийг төр засгийн байгууллагынхан зүгээр хараад сууж болохгүй. Нийслэл дүүргийн камержуулалт, сургуулийн орчны камержуулалтад өчнөөн мөнгө зарцуулчихаад яагаад хэрэгжихгүй байгаа юм. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо.

Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна.

Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд хохирсон байна. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.

Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа” гэв.