Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Цагаан-Овоо багийн 8 дахь километр гэдэг газар зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 12 км-т замыг туулан очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөжээ.
Тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсан тул эсэн мэнд гаргаж, Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт хүргэсэн байна.
Харин суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г/34 настай, эрэгтэй/, зорчигч Өмнөговь аймгийн Цагаанбулаг сумын харьяат иргэн С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.