Ц.Элбэгдоржийн, бас Х.Баттулгын ч хүн биш хэмээн О.Цогтгэрэл мэдэгдэл хийв. Би Ц.Элбэгдоржийнх, Х.Баттулга миний ард байдаг гэж хэн ч хэлээ аж. Тэр бие даасан улстөр хийн АН-ыг удирдана гэж байх шиг байна.

Харамсалтай нь юу л бол… Тэр лидер биш.

АН-аар тогтохгүй МАН ч хүлээн зөвшөөрөхгүй тоглогч болж байж түүний эл үгэнд итгэж болох байх. Таван намын нэгдэл АН-д лидер болж, бие даан тоглоно гэдэг үлгэр биз. Ардчилал нэр дор ашиг сонирхлоо нэгтгэн эрх мэдлийн төлөөх мөнхийн зөрчил дунд байх болсон тус намын ирээдүй үнэндээ бүрхэг. Хагарлаа ардчилал гэж хаацайлахаа больсон цагаас тэд нам мэт харагдаж эхэлнэ гэхэд хатуудахгүй.

О.Цогтгэрэлийн хувьд холбогч төдий нэгэн. АНУ-д Ц.Элбэгдоржтой хөөрөг зөрүүлж, МоАХ-ны урилгаар 300 хүнтэй арга хэмжээнд очсон тэрбээр улстөрийн А-г нь заасан Н.Алтанхуягаасаа ч гажиж гөжөөд хаа ч хүрэхгүй кадр. Түүний хувьд 2027, 2028 оны сонгууль бодох төдийд толгойн өвчин болон шаналгаж буй биз. Тэр том нүүдэл зурж дийлэхгүй тоглогч юм.

Л.Оюун-Эрдэнэ тараа таниулж, Х.Баттулга түшихэд хэтэрхий аюултай нэгэн гэдгээ улстөр бизнесийнхэнд хангалттай хариулж яваа болохоор Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй үлгэр болчихгүйн шиг айсуй онуудын ард гарвал зол болно. АН байтугай МоАХ-ны дотор ан цав үүсчихсэн, нийслэлийн АН-аа алдах цаг хугацааны асуудал болчихсон энэ өдрүүдэд О.Цогтгэрэлийн мэдэгдэл хоосон гоншигнол төдий байсныг хэлэх хэрэгтэй.

Ачит Ихтийн хувьцаа, MCS-ийн найр тавилтаас харахад Ц.Элбэгдорж эрх баригчдын дэмжлэгтэйгээр нам дахь байр сууриа бэхжүүлж буйгаас өөрөөр харагдахгүй байгаа. Х.Баттулга бужигнах үедээ л БИ БАЙГАА, БИ ЗҮГЭЭР гэж харуулах гэсэн мэт ил гардаг нь саях өдрүүдээс илэрхий. Түүний хувьд хаврын өдрүүд тун ч амаргүй байж мэдэх л юм. АН гишүүдийнхээ тоог 500.000 болгох зорилт тавин орон нутгаар харайж яваа нь тодорхой бодлогогүй, ардчиллын гэрэгэ гээчийг атгасан нэг болов хүн АН-ыг дугуйлаасай гэх сохор найдвар төдийхөн харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Тус намын толгойд байгаа нөхөд арай л жулдаж буй бололтой. Ийм бодлого баригсдаас тийм ихийг хүлээх нь цагийн гарз биз.

О.Цогтгэрэлийн тооцоогоор УИХ-ын 2024 оны сонгуульд АН 438000 санал авч цөөнх болсон тул 500.000 хүн элсүүлчихвэл багадаа 600 орчим мянган саналтайгаар Засгийн газрыг дангаараа бүрдүүлж ажиллаж чадах гэнэ. Үзэл бодлыг өнгийн цаасаар хуурах түүний санаа хөөрхөн ч юм, хөөрхий ч юм. Гэхдээ гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй саналаа өгөх хэмжээний бодлого боловсруулах чадваргүй ийм аргацаасан арга хайсан даргатайгаар сонгуульд оролцоно гэдэг АН-ын хувьд ирэх онуудад ялагдсантай ялгаагүй эмгэнэл.

Ийм нөхцөл хэний нэр дэвшүүлж өрсөлдөх бол…

З.Энхболд нэрээ татаж тэтгэвэрт гарснаа зарлачихлаа. Улстөрийн тогоонд ид гэмээр, эхэлж буй нас ч гэж болох 60 насандаа ийн хойш суусан нь Х.Баттулгын чимэг, чимхүүр болж явахаас түвэгшээсэн биз. Нөгөө талаас түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа мэдээлэл бий. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж ороод өтөл насандаа өөр газрын үүд сахихыг хэн хүсэх билээ.

Босоо гэх С.Ганбаатар ч хаврын чуулганаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нөхдийн дунд нэр нь яваа дуулдсан.

Н.Алтанхуягийн тухайд цагаадсан хэргийг нь прокурорууд эсэргүүцэл бичсээр сэргээн шалгаад эхэлсэн. Мөн чуулган хүлээж байгаа биз. Товчхондоо Х.Баттулгын найдварууд хавтаст хэрэг, хар данс гэхчлэн ээрэгдээд сонгуультай манатай 2027 онтой золгоно гэсэн үг.

Ер нь ч хууль цаазын асуудлуудаа цэгцэллээ гэхэд нам дотроосоо нэр дэвших мандат авна гэдэг амаргүй. Тэгэхээр Х.Баттулгын хувьд гар хөлүүдээ зүтгүүлж байснаас гарсан төлсөн бүлэг фракцуудтай ойлголцож явах нь хохирол багатай байх биз.

Лу.Гантөмөр Б.Пүрэвдорж хоёр горилогчдын цуваанд гэлдэрч буй ч Б.Пүрэвдорж нь Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй нэг гишүүн илүү алхаж мэднэ.

Уг нь эл нам таван тийш харчихалгүй эвээ олж чадвал Н.Учрал, Г.Занданшатар тэргүүтний хөдөөх пиарчдыг хөл толгойн хаана ч хүргэлгүй чирч гулдраад давхичихаж чадахаар байгаа нь үнэн.

Даанч 500.000 өнгийн цаас 500.000 санал болно гэж хардаг даргаас юу ч хүлээлттэй билээ, хайран нам, хайран ч МӨНГӨ!!!