УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Лхагвын тойм нэвтрүүлэгт яригдсан сэдвүүдийг гуйвуулж, анхаарал сарниулж, маазруулж бодит үнэнээс холдуулах гэж их хичээж байна. Гэвч худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ. Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Равдангийн Болд гуайгаас эхлээд зарим эрхэм бараг л гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно гэж ярьжээ.

Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага парламент байдаг болохоос Ерөнхийлөгч биш! Тиймээс Ерөнхийлөгч парламентад тайлагнадаг.

Ард түмэн төрийн эрх барих эрхээ парламентад сонгуулиар шилжүүлсэн учраас төрийн эрх барих сонгогчдын эрхийг хамгаалах тухай ойлголтыг парламентын бүрэн эрх буюу (PARLIAMENTARY SOVEREIGNTY) гэдэг.Парламентын бүрэн эрх гэдэг бол Улсын Их Хурал хэнтэй ч хуваалцахгүй, хэнээр ч заалгахгүй бүрэн эрх шүү!

Парламентын дөрвөн ханан дотор болж байгаа бүх зүйлийг зөвхөн парламент өөрөө эзэн ёсоор мэдэх ёстой. Хаан ч, ерөнхийлөгч ч, аливаа шүүх ч парламент өөрийн дотоод үйл ажиллагаа, санал хураалт, ирц бүрдүүлэх, түүний дотор гишүүдийнхээ ёс суртахуун, сахилга бат зэрэг дотоод асуудалд нь хүчээр оролцох ёсгүй. Гэмт хэргийн асуудал бол тусдаа. Энэ зохицуулалт өнөөдөр ч бий. Парламент тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой эцсийн шийдвэрийг ард түмний нэрийн өмнөөс гаргах эрхтэй цорын ганц байгууллага. Тиймээс л үг хэлэх, санал өгөх эрхийг хөндлөнгийн аливаа нөлөөнөөс хамгаалдаг. Яагаад гэвэл парламент бол тусгаар тогтнол, ардчиллын дархлаа, аюулгүй байдал.

Тэр ч бүү хэл парламент хоёр танхимтай бол нэг танхим нь нөгөө танхимынхаа хэрэгт огт оролцох эрхгүй байдгийг Англи улсад туршлага судалсан парламентын гишүүд сайн мэдэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж байна. Тиймээс ч гишүүдийнхээ ёс зүй, сахилга бат зэрэг аливаа асуудлыг ардчилсан парламентын засаглалтай орнууд өөрсдөө л шийддэг. Венесуэл, Куба, Эквадор, Перу, Тайван зэрэг цөөхөн улс орон гишүүдийг эгүүлэн татах хуультай.

Өнөөдөр Монгол Улс 126 гишүүнтэй, таван улс төрийн намтай, гишүүдийн 65 хувь нь шинээр сонгогдсон, 25 хувь нь эмэгтэй байгаа нь олон улсад ч төлөөллийн хувьд сайн үзүүлэлт бөгөөд анхны сорилтоо амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид улс төр, геополитикийн олон сорилтыг Монголын парламент амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.